Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" гэдэг тун сайхан зохиол байдаг даа. Бага байхдаа зөндөө уншдаг байсан, хэдэн удаа уншсанаа ч мартчихсан байна. Би энд мэдээллийн технологи, компьютер гэдэг зүйлтэй хэрхэн танилцсан, тэдгээр зүйлс нь одоо миний амьдралд ямархуу үүрэг гүйцэтгэж байгаа тухай бичих гэж байна. Бас гарчиг дээрээ IT гээд тавьчихсан байгаа юм чинь тэр тухай бичих нь зүйн хэрэг гэж үзэж байна.
Компьютертэй танилцсан минь. 1-р ангид суралцаж байхад манай сургуульд Компьютер гээч зүйл ирэв ээ. Сургууль компьютерийн танхимтай болж байгаа гэнэ гээд л том ангийн хүүхдүүд шуугиад л, багш нар инээмсэглэл тодруулж гүйцгээгээд л. Тэгсэн чинь нэг өдөр хүүхдүүдийг компьютер тоглуулж байна гээд л хүүхдүүд гүйлдээд. Ангийн багш маань биднийг зохион байгуулалттайгаар тийш нь авч явлаа. Тэгсэн чинь хүүхэд болгоноос 1 төгрөг авч оруулж байв. Мөнгөө өгөөд орлоо. Тэр тоглоом нь одоо бодоход Puzzle маягийн тоглоом байсан санагдаж байна. Түүнээс хойш л компьютер гэдэг зүйл миний амьдралд эргэлт буцалтгүй орж ирсэн.
Дараа нь аавынхаа ажил дээр очсон чинь нарийн бичиг нь бичгийн машинаа болиод компьютер дээр ажлаа хийдэг болсон байв. Тэр нь Windows 3.11 үйлдлийн системтэй, 286 процессортой байсан байх. Принтер нь шивж хэвлэдэг, өрөөгөөр нэг дуу хадаадаг байлаа. Анх тэр үйлдлийн систем дээр л ажиллаж үзэж байлаа. Түүний дараа Windows 95 үйлдлийн системтэй 486 процессортой компьютер авсан. Ингээд л би ааваасаа персонал компьютер авч өгөхийг гуйж эхэлснээр нэг л өдөр гэртээ өөрийн гэсэн компьютертэй болов доо. Анхны тэр компьютер ч ярьдаг байсан бол "намайг өршөө" гэж хэлэхээр л болсон байсан даа. Оюутан болсон хойноо процессорыг нь бариад л сургуульдаа явдаг байлаа. Багшаараа юм заалгах гэж, тэрийг нь өөрийн компьютер дээрээ сурах гэсэн зорилготой. Одоо бол би компьютер дээр ажиллахгүйгээр 7-с дээш хоног тэснэ гэдэгтээ маш их эргэлзэж байна. Гадаадад, хөдөө томилолтоор явахдаа laptop-оо чирээд л явдаг. Донтой болсон гэж хэлэхэд хэцүү ч тийм байдалд дөхөж л байна.
Гар утастай танилцсан минь. Бас л үүнтэй танилцахад миний аав нөлөөлсөн. Аав минь ажлаасаа утас авлаа. Би түүнийг нь их судална. Удалгүй мөнгөө хурааж байгаад өөрөө нэг дугаар авлаа. Утас ч авав. Залуу хүний толгой сийрэг гэж, нэг их удалгүй гэрийнхнийхээ утас, телевиз, компьютертэй холбоотой бүгдийг өөрөөсөө хамааралтай болгосон байлаа. Би ч бас тэрүүхэндээ хөөрхөн бизнес гэж хэлэхэд хэцүү ч оюутан хүнд хангалттай мөнгө олдог ажил эрхэлдэг байсан болохоор мөнгөөр хангалуун гэхгүй ч дутагддаггүй, гэрээсээ хэрэглээний мөнгө авдаггүй оюутан байлаа. Тэгээд гар утсыг ч харин ч нэг сольж эхэлсэн дээ. Нэг утсыг 1-6 сар л барьдаг. Тухайн утасны эдэлгээ, таалагдсан байдал, мөн мэдээж үнэ ханшнаас нь болж барих хугацаа янз бүр. Үнэтэй авсан, шинээр нь авсан, олон үйлдэлтэй, өнгө үзэмж сайтай, эдэлгээ даахуйц утас бол 6 сар болох жишээтэй. Тэр үед Nokia 7110 утсыг авах гэж бүтэн 3 сар хүссэн гээд бодохоор бас л их сонирхолтой байж дээ. Одоо би 2 гар утас барьдаг. Удахгүй 3, 4 дэх утсыг авах зайлшгүй шаардлагатай болно гэдгийг мэдэж байна. Учир нь миний ажил тийм шаардлага тавьж байна.
Мэдээллийн технологи одоо миний амьдралд. Одоо бол миний амьдралд хамгийн том байр эзэлж, үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээллийн технологи. Өдөр бүр компьютэр, интернетээр ажлаа хийнэ. Имэйл, чат бол байнгын хэрэглээ. Гар утсыг бол бүр ярилтгүй. Гар утасгүй ганц ч өдөр болж чадахгүй. Мөн гар утас, компьютер, интернет байхад би өлсөж үхэх байдалд орохгүй. Учир нь энэ 3-р мөнгө олж, энэ 3-р мөнгө үрж байна. Дэлхий дахинд одоо 2.5 тэрбум шахам хүн гар утас хэрэглэж, 1 тэрбум орчим хүн интернетээр зугаалж, гар утас, интернетийн компаниудын орлого өдрөөс өдөрт тэрбум тэрбумаар өсөж байна. Ийм байхад бид үүнээс хэрхэн хоцрох билээ дээ. Адилхан л хөл нийлүүлэн алхаж, ижил технологи эрхэлж байгаагийн хувьд бизнесийн орон зайг түрүүлэн харж, цаашдын амьдралдаа нэвтрүүлэх хэрэгтэй. Мэдээлэл бол мөнгө, давуу тал, өрсөлдөх чадвар. Тэрхүү мэдээллийн дамжуулахад мэдээллийн технологи хэрэгтэй. Ингээд бодохоор ямархуу чухал зүйл болох нь ойлгогдож байгаа биз ээ. Уншигч та ч энэ талаар санал нэгтэй байгаа биз ээ. Таныг өөрийн саналаа үлдээвэл би тун их баярлах болно.
Sunday, March 25, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment