Sunday, April 29, 2007

Машингүй өдөр

Өнөөдөр Улаанбаатар хотод автомашингүй өдөр болгон зарласан бөгөөд одоо Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, Сансарын туннелиэс Гэсэр сүм хүртэлхи 2 замыг бүрэн хаасан байна. Хүүхдүүд дугуй унаад л, хүмүүс алхацгаагаад л. Нэг л өөр орчин, өөр мэдрэмж төрж байна. Би сая 13-р хорооллоос буюу гэрээсээ МТҮПарк хүртэл алхаж ирлээ. Ойрын үед ингэж алхаагүй, сайхан л байна. Харин энэхүү ажлыг эсэргүүцэж байгаа, үл тоож байгаа нь ойлгогдохгүй ухамсар муутай хүмүүс бас байдаг юм байна. Сая наашаа ирж явтал Орчлон хотхоны хажуугийн шороон замаар нэг жижиг жиптэй 2 хүүхэн ирснээ замын цагдаад энүүхэн Скай их дэлгүүр орох гэсэн юм, машинтайгаа орчихъё энэ тэр гээд баахан юм ярьдаг байна шд. Тэгсэн нөгөө цагдаа нь оруулчихаж байгаа юм. Уг нь тэр замын 2 талаар эзэд нь Скай орсон байлгүй, баахан л машин зогсож байсан. Ойлгохгүй юм даа. 300 метр хүрэхгүй газар машинаа тавиад л дэлгүүр орчиход эв эрүүл, баян цатгалан тэр 2 хүүхэнд эрүүл мэндэд нь л хэрэгтэй баймаар. Бусад машиныг нь хашиж зогсоочихоод тэр 2-г оруулчихаж байгаа цагдааг ажлаа сайн хийж байна гэж үзэх үү, эсвэл... Энэ ажилтай хамтруулаад хийчихэж болох олон ажил байсансан. Жишээ нь, зарим нэг замын жижиг сажиг эвдрэлүүдийг засварлах, төв замын дагуух хогыг цэвэрлэх, гэрлэн дохионы тохиргоо тааруулах гэх мэт. Уг нь нэг ингэж зам хаасных, эдгээрээс гадна өөр бусад ажлуудыг хамтад нь зохион байгуулсан бол илүү үр дүнтэй болох байсан болов уу.

Өчигдөр нэг шинэ сэтгүүлийн нээлтийн ажиллагаанд очлоо. UPTOWN гэдэг сэтгүүл. Өмнө нь KISS гэдэг охид залуучуудын сэтгүүл байсан, түүнийг Magic Kiss агентлагаас эрхлэн гаргадаг байсан бөгөөд С1 телевизийнхэн нэмэлт хөрөнгө оруулалт хийн, шинэ нэр өгч шинээр гаргаж эхэлж байгаа юм байна. Хуучин эрхлэгч н.Уянга нь тодорхой хувь эзэмшиж үлдэн, давхар эрхлэгчийн ажлаа хийх юм байна. Нээлтийн ажиллагаа гэж зүгээр л парти болоод өнгөрлөө. Уг нь сэтгүүлээ танилцуулж, ямар ямар давуу талтайг нь дурдаж, бас бус юм зохион байгуулсан бол сэтгэл ханамж илүү байх байлаа. Гэтэл хэдэн хамтлаг дуучид дуулж, загварын хэдэн охид гунхаж, эрхлэгч нь хэдэн үг хэлснээс өөр юм болсонгүй. Тэгээд уригдсан хүмүүс нь Улаанбаатар хотын аль гайгүй гэсэн шоучин залуус байлаа. Энэхүү парти нь сар болгон зохиогдох төлөвлөгөөтэй юм байна.

Уг сэтгүүлийн хувьд 150 хуудас буюу 300 нүүртэй, нэг талдаа UPTOWN, нөгөө талдаа KISS гэсэн нэртэй гарч байгаа юм байна. Сэтгүүлийн теле-реклам нь уг сэтгүүлийг уншсан эхнэр/нөхөр нь амтад нь орж нөхөр/эхнэрээ мартдаг л гэсэн утгатай хийгдсэн байлаа. Би энэ сэтгүүлийг уг нь тэр өдөр нь худалдаж авсан боловч тэнд байсан нэг найздаа өгөөд явуулсан болохоор уншиж үзээгүй байгаа болохоор доторхи мэдээллийнх нь хувьд хэлчих санаа оноо алга даа.

Өчигдөр бас ганц нэг ном худалдаж авлаа.

1. Дональд Трамп - Наймааны урлаг
2. Хэрхэн СЕО болох вэ? Монголын Лектор төвийн орчуулга.

Ойрд их завгүй байгаа болохоор ТВ үзэхгүй, шар сонин уншаагүй, тархи гайгүй цэвэршиж байна. Тэгээд одоо ажлаа тараад гэртээ харихаараа ТВ-н хэрүүл, шар сонингийн бохир мэдээг уншихгүйгээр ном уншиж, сэтгэлгээгээ өргөжүүлэх талын юм бодохоос. За за, ажлаа бодъё. Түр баяртай.

Friday, April 27, 2007

Нэргүй...

Өчигдөр номын дэлгүүр орж дараах номнуудыг худалдаж авлаа.

1. Сэтгэлгээний хурдтай бизнес (Business @ the Speed of Thought) Bill Gates

2. Өндөр бүтээмжтэй хүний 7 зуршил (The 7 habits of Highly Effective People) Steven Covey

3. Казиног номхотгосон түүх Д.Энхболд

Эдгээр номуудын тайлбарыг дараа нь оруулна аа. Эхлээд уншаад дуусгаадхаядаа.

Мартсанаас, би фитнесс-т (нэг найзын маань тодорхойлсноор аеробик) явж эхэлсэн. Эхний өдрөө ачааллаа ихдүүлсэн бололтой 4 хоног гэдэсний булчин хөндүүрлэж өвдлөө. Өнөөдрөөс гайгүй болж байна. Суудлын ажил ихэдсэн бололтой, нуруу, хүзүүнд яасан ч их шар ус хурсан юм, тар няр гээд аймаар аймаар дуугараад. Эртээр хүзүүгээ эргүүлж байгаад амиа хорлож үхэх шахсан.

Уг нь ч би нэг их суугаад байдаггүй л дээ, ямар ч байсан өглөөд гэрээсээ граж хүртлээ алхдаг, орой нь машинаа тавьчихаад бас алхдаг :-). Граж, гэр хоёрын хооронд 600 орчим метр байдаг юм. Тэгэхээр бас хөдөлгөөнтэй л байгаа биз дээ гэсэн :-D

За за, үдийн хоолны цаг болж байна, хүмүүс хоолоор дайлах сураг байсан, тийшээ явлаа.

Wednesday, April 25, 2007

Завгүй өдрүүд үргэлжилсээр л...

Сүүлийн хэдэн өдөр над шиг завгүй хүн байхгүй байх гэж бодогдтол ажиллаж байна шүү. Энэ хэдэн өдөр хийсэн ажлуудаа бодоод үзсэн чинь 10 орчим төрлийн ажил хийсэн байна шүү. Зурагчин, зургийн дарга, радиогийн найруулагч, банкны ажилтан, компаний захирал, хуульч, орчуулагч, туслах ажилтан, жолооч, нягтлан бодогч, график дизайнер, редактор бас мэдээж блогчин. :D

Сүүлийн хэдэн өдөр хийсэн ажлуудаас ФМ радиогийн нэвтрүүлгүүд маань гайгүй болж байна гэж үзэж байгаа. 7 хоног болгон 2 удаа тогтмол явуулж байхаар болсон. Мэдээж би хөтлөхгүй л дээ, гэхдээ зохиолыг нь хальт гаргаж, мэдээллүүдийг нь бэлтгэж өгч байгаа юм. Аан, мэдээж төлбөрийг нь төлж байгаа, хэ хэ.

Бас С1 телевизтэй компанийхаа шугамаар хамтран ажиллаж байгаа, тэр нэвтрүүлэгт би бас график дизайнер, редактор маягийн ажил хийж өөрийн хувь нэмрээ оруулсан гэж хэлж болох байх.

Бас гадаадын нэгэн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм байна. Энэхүү хамтран ажиллах гэрээг анх англиар боловсруулсан бөгөөд түүний орчуулга нь гэж хэл мэдэхгүй хүн үг үгээр нь холбон найруулсан юм шиг орчуулга байсан бөгөөд түүнийг засварлах, гэрээний хэлбэрт оруулах гэж залуу насны идэвхитэй амьдралынхаа нэлээн хэдэн цагийг зарцууллаа. Тэгснээс бараг эхнээс нь шууд орчуулсан нь хялбар байсан ч юм шиг.

Манай банк өөрийн нэрийн олон улсын Виза төлбөрийн картыг зах зээлд гаргах гээд би бас сүүлийн хэд хоног их завгүй байгаа. Учир нь би энэ ажлыг бүрэн хариуцаж байгаа болохоор. Та бүхэнд картын бизнестэй холбоотой сонирхолтой мэдээллүүд байвал надад илгээвэл би их баярлана шүү. Энэ чинь бас Монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд, бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх ажилд ч маш их хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Энэ мэт маш их ажлыг энэ хэдэн хоногт амжууллаа. Зарим өдөр клоны аргаар хүн хувилж олшруулдаг компаниар үйлчлүүлэх юмсан гэж хүртэл дэмий балай бодол үе үе орж ирэх юм. Энэ бодол төрөхөд мэдээж манай хотын замын бөглөрөл өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ажил ихтай, яарч явахад бөглөрчихнө, 5 милийн хурдтай урагшилна, Эксел, Аксент, Микробусууд нь урдуур дайрна, хажуугаар чихнэ, явган хүмүүс нь гэрэл дохио рүү нүднийхээ булангаар ч харалгүй шууд л чигээрээ дайрна гээд л хүндрэлтэй асуудлууд их шүү.

Өнөөдөр өглөө харин маш их таалагдсан нэг зүйл харсан нь тусгай формтой, “Зогс” гэсэн бичигтэй дарцаг барьсан хүмүүс явган хүний гарцны хажууд зогсож, машин болон хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Орой ажил тараад явж байхад хүртэл тэр хүмүүс зогсож байна лээ. Энэ байдал маш их таалагдсан. Энэ зуныг дуустал ийнхүү зохицуулбал хүмүүс гарцаар, гэрэл дохионы дагуу гарч сурах болов уу гэж мөхөс би мөчидхөн ухаандаа төсөөлөн бодож байнам.

Сүүлийн үед Улаанбаатар хотод маань метро барина гэж дуулдах боллоо. Яаж ийгээд ямар нэгэн аргаар мөнгө босгоод энэхүү метрог бариад ашиглалтад оруулчихвал Нийслэл хотын маань хөгжилд жинхэнэ зууны бүтээн байгуулалт болно доо. Дээр нь бас давхар зам, хурдны зам тавьчихвал ч...

Улаанбаатар хотод маань 2-3 хөндлөн хурдны зам байхад л нэлээн хэдэн жилийг ардаа хийнэ дээ. Гол гол түгжрэл үүсдэг замуудын дээр давхар зам тавиад, зарим нэг замыг өргөсгөчихвөл сайхан даа. Гэхдээ замын цагдаагийн газрын нэг хариуцлагатай нөхрийн хэлж байснаар хот төлөвлөлтийн буруу бодлогоос давхар зам тавих боломжгүй болсон, зай байхгүй болсон нь ч үнэн л дээ. Гэхдээ л 100 айлын замыг тавьсан шиг зарим нэгэн хуучин байшингуудыг зоригтойгоор газарт оруулж хотын хөгжлийн төлөө үр дүнтэй алхам хийвэл бүгд л дэмжинэ шүү дээ.

Хэдийгээр хавар болоод романтик улирал дундаа орж байгаа ч Улаанбаатарын хаврын шороо гэдэг том даваа тулгарч байна. Энэ бүх асуудлыг уул нь гайгүй зохицуулах боломжтой юм шиг санагдаад байгаам даа. Яаж вэ гэвэл, зарим нэгэн замын хажуудах шороон хэсгүүдийг машин зам руу нь нэгтгэж замыг өргөтгөж, мөн төв замын хажуу дах хэсгүүдийг чулуу, үхмэл шорооноос нь цэвэрлэж, сайн услаад, өвөл, хаврын улиралд торон бүтээлгээр бүтээчихвэл зүлэг нь дороо ургаад, зүлэггүй үед шороо босох нь эрс багасна гэж л тооцоод байгаам даа. Манай нийслэлийн удирдлагууд мэргэн ухаандаа энэ талаар тунгааж байгаа гэдэгт найдаж байна. Туршлага судалж байна гээд л Азийн хэдэн хотоор нэлд нь зугаалж, татвар төлөгчдийн мөнгийг үрж байгаа хүмүүс энэ зэргийн юмыг хараад, бодчихсон байгаа гэдэгт итгэлтэй байхыг хичээж байна.

Ойрын үед Эрээн хотод хашигдсан, хятад нөхрөөсөө зугтаж ирсэн хэдэн хүүхнүүд нутагтаа нэвтэрч чадахгүй байгаа тухай, хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын жагсаал гэх мэт шуугиант мэдээллүүд ихээр цацагдаж байна. Энэ бүх үйл явдалд голлон эмэгтэйчүүд л холбогдсон байгаа нь Монголын төрөл бүрийн эмэгтэйчүүдийн байгууллагуудын анхаарлыг огтхон ч татахгүй байна гэдэгт итгэхгүй юм. Гэрэлсүрэн гэдэг эмээгийн тэргүүлдэг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо, Эх Оронч Эмэгтэйчүүдийн Холбоо гээд л зөндөө л байсан санагдах юм. Одоо болохоор бүгдээрээ таг чиг. Татан буугдсан гэж л дуулдаагүй шиг... Эсвэл зөвхөн гишүүдийнхээ төлөө тэмцдэг, гишүүн бус эмэгтэйчүүдийн асуудал огт хамаагүй байдаг юм болов уу? гэхдээ л Монголын Эмэгтэйчүүдийн холбоо л бол МЭХ шүү дээ, ямар нэгэн авиа ч болтугай гаргамаар юм. Хажууд нь бусад холбоонууд хамаагүй амьд байх юм.

За за, дараагийн удаа арай сонирхолтой мэдээлэл бичихийг хичээнэ ээ. Нэг бичихээрээ дандаа л хар юм биччих гээд байх юм. Та бүхэнд амжилт хүсье.

Wednesday, April 11, 2007

2007 оны анхны бороо

Өнөөдөр энэ жилийн анхны бороо орлоо. Гэхдээ би ороод дуусчихсан байхад нь сэрсэн л дээ. Өглөө 7-д босоод цонхоор хартал харин бороо орчихсон, зарим хүмүүс гадаа гарчихсан, нарласан маягтай, өлгийтэй хүүхдээ салхилуулсан шиг алхаж байдаг байна шд. Гадаа гарахад ямар гоё байсан гээч. хэлэх ч юм биш, үг олдохгүй байна. хэхэ,

Ойрын хэдэн өдөр ажил ихтэй, ширээнийхээ араас хөндийрөх ч завгүй байна. Байгууллагынхаа жилийн тайлангийн ажлыг дуусгаж, хэвлэлтэнд өгчих санаатай. Бас хажуугаар нь өчнөөн ажил давхцаад. Ер нь л их ажилтай байна. Бас хажуугаар нь зарим хүмүүс блог-оо шинэчил гэж шахаад.

Сониноос би саяхан өөрийнхөө 35 нас хүртэлх төлөвлөгөөг гаргаж үзлээ. Бүр хийх ажлуудтай нь шүү. Жишээ нь: Мэргэжлийн хувьд хүрэх амжилт гэдэг дээр тухайн амжилтанд хүрэхийн тулд ямар ямар ажлуудыг хийх ёстой вэ гээд нэг бүрчлэн гаргалаа. Тэгээд одоо хийсэн байгааг нь оруулсан чинь ердөө 1% гэж гардаг байна шд. Тэгэхээр нөхөр Гантулга гуай одооноос энэхүү баримт бичгийг өглөө, орой болгон харж, түүний дагуу ажлаа төлөвлөн, болж өгвөл 35 хүрэхээс өмнө энэ бүх ажлыг дуусгах ёстой, үгүй бол тэр чигтээ байгаарай /энэ хэвээрээ байгаарай гэдэг шиг/ гэж л өөртөө зааж хэлж сууж байна. Энэ тухай нэг найздаа хэлсэн чинь надад үзүүлчих, тэгээд дараа нь би чамайг төлөвлөгөөнөөс гажих гээд байхаар чинь загнаад, хэлээд, үглээд байж байя гэнэ. Энэ бол миний хувийн төлөвлөгөө, хүнд үзүүлэхээргүй мэдээллүүд бас орсон байгаа болохоор би өөрөө л байнга хөтөлж, хянаж явах ёстой гэж бодож байна. Харин түүндээ хүрэхийн тулд өдөр шөнө гэж ялгахгүй, цаг хугацаагүй ажиллана даа.

За за, бороо гэж эхлээд тэс хөндлөн зүйл бичээд эхэллээ. Юутай ч ирж буй улиралд бүх зүйл сайхан бүтэмжтэй байх болтугай, зуны улирлын лазан битгий намайг эзэмдээсэй гэж хүсэж байна. Учир нь ойрд дулаарсан чинь үдийн хоолны дараа ажил хийх ямар ч сонирхолгүй болтол лазан хөдлөх гээд байгаа болохоор аль болох эсэргүүцэх ажил зохион байгуулж, залхуурлын эсрэг "Хөгжлийн төлөө хөдөлгөөн" байгуулаад тэмцэж байна.

Thursday, April 5, 2007

Аз жаргалд хүрэхийн тулд хэрхэн зориг гаргах вэ?

Аз жаргалын эрэлд... Миний нэг найз энэ тухай бичлэг бичсэн байна. Түүнийг уншаад амьдрах хүсэл, аз жаргалын тухай бичихээр шийдлээ.

Эхлээд энэ тухай хийгдсэн кинонуудын талаар цухас дурдая. Та бүхэн Will Smith-н Pursuit of Happiness гэдэг киног үзсэн байх. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмын дагуу л хийгдсэн кино байсан. Бас саяхан би нэг Солонгос кино үзсэн. Тэр кинонд нэгэн солонгос бүсгүйн хэрхэн аз жаргалтай болсон тухай, түүндээ хүрэхийн тулд хэрхэн өөрийгөө золиослосон тухай гардаг юм. Мөн шоуны Энэ киноны тухай жаахан тайлбарлая.

Кан Ханна гэдэг хүүхэн маш сайхан хоолойтой, сайхан дуулдаг, ганц гэм нь маш бүдүүн, царай муутай, эв дүйгүй. Хоолойгоо нэгэн шоу бизнесийн компанид ашиглуулж, бас утасны сексийн үйлчилгээнд оператораар ажиллаж мөнгө олдог. Тэр шоу бизнесийн компани нь нэгэн царайлаг, гайгүй бүжиглэдэг хүүхнийг дуучин болгож, ард нь Кан Ханна-г дуулуулж бизнес хийдэг. Кан Ханна тэр компаний продюссер залууд дурлаад, дурласан сэтгэлээрээ л шинэ шинэ дуу зохиож, сэтгэлээсээ дуулдаг байсны улмаас тухайн дуунууд нь хит болж, амжилт олдог. Гэвч нөгөө продюссер залуу нь Кан Ханна-г мэдээж тоодоггүй. Эгч үүнээс болж сэтгэлээр унан, гутарч амиа хорлохоор шийдэж эм уусан ч бие нь том болохоор эм нь бүрэн үйлчлэхгүй, мансуураад л болоо. Тэгээд дараа нь гэрийнхээ хамаг хаалга, цонхыг бүрэн хааж, битүүлж байгаад хийн хоолойгоо нээгээд үхэхээр хэвтдэг ч азтай тохиолдлоор гоо сайхны мэс засалд орох санаа төрж, эмнэлэг явдаг. Хуучин ажлуудаа бүгдийг нь орхиж, хайртай гөлгөө хүртэл төөрүүлж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байдаг аавтайгаа ч уулзахгүйгээр бүтэн жилийн хугацаанд эмнэлэгт хэвтэж, өөхөө соруулж, арьсаа хасуулж, силикон шахуулж, ясаа хусуулж, мөн маш их дасгал хийсны эцэст хамгийн үзэсгэлэнтэй хүүхний нэг болон хувирдаг. Ийнхүү хувирсны дараа олон хөгжилтэй явдлуудыг туулж, мөн хүнд байдалд ч орж явсаар маш нэр хүндтэй, алдартай дуучин болдог. Энэ киноноос юуг ойлгосон бэ гэвэл хүн аз жаргалтай амьдрах, зорьсондоо хүрэхийн тулд бүтэшгүй мэт зүйлийг ч бүтээж, шургуу хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэй. Таны хичээл зүтгэлийг чинь бурхан үнэлж, тохирсон хариуг өгөх болно гэдгийг л ойлгож авлаа.

Би өөрөөсөө аз жаргалын эрэлд хэрхэн бэдэрч яваагаа асууж, байгаа байдлаа тодорхойлохыг хичээлээ. Энэ тухай дараа нь бичнэ ээ.

Tuesday, April 3, 2007

4-р сар эхэллээ

Хн, олигтой ажил хийгээгүй байтал эхний улирал дуусаад 2-р улирал эхэлчихэв ээ, хөөрхий. Энэ янзаараа удахгүй юм бүтээгүй байхад 40 хүрчихлээ гээд сууж байх юм байна л даа. Тэгэхгүй шүү, хө. Тэгж ч наргихгүй шүү, Аятайхан байгаарай, нөхөр минь.

Нээрээ, цаг хугацаа гэдэг мөн ч хурдан өнгөрөх юм аа. Саяхан л би хэзээ том болох вэ гээд цонхоор хараад өвөөгөөсөө шалгаагаад зогсож байсан банди өнөөдөр өөрийгөө том хүн болчихсон гээд бодчихсон, удахгүй тусдаа гарна даа гэсэн төлөвлөгөө зохиочихсон сууж байдаг. Энэ 2 үеийн хооронд юу юу ч болоод өнгөрчихөв дөө, бүү мэд. Сайн санахгүй байна.

Харин цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл утгагүй болно шүү гэдгийг хэдэн жилийн өмнөөс бодож эхэлсэн юм байна. Яг хэд гэдгийг нь санадаггүй ээ, ямар ч байсан тодорхой хугацааны дараа хүрэх өндөрлөг, байх байдлаа төлөвлөчихсөн, хүрэх арга замаа бодчихсон, заримаас нь хэрэгжүүлээд явж байгаа гэдгээ л сайн мэдэж байна. Гэхдээ бас бүгдийг нь хэрэгжүүлж байна гэвэл худлаа, надаас болон бусад хүмүүсээс шалтгаалаад хойшлогдсон, цуцлагдсан талууд бий.

Одоо харин эрч хүчтэй амьдрах хэрэгтэй гэдгийг цаг ирэх тусам ухамсарлаж байна. Сая Бээжин орохдоо замдаа энэ тухай сайн бодож байлаа. Тэнд очоод бас хүмүүсийн хийсэн бүтээсэн зүйлс, хэрэгжүүлж буй ажлуудаас үүнийг бүр илүү мэдэрлээ.

Фитнесст дахин явж эхэлнэ гээд сүүлийн 5 жил ярилаа. Байдаггүй ээ. Уг нь оюутан байхдаа хэдэн найздаа уруу татагдаад гайгүй явж эхэлж байсан чинь нэг золгүй явдлаас болоод больчихсон. Дараа нь ажилд орсныхоо дараа бас нэг найздаа уруу татагдаад 2 сар явсан чинь нөгөөх маань гадаад улсад амьдрахаар яваад, миний fitness session даший шог. Тэрнээс хойш 5 дахь жил нь гараад эхний улирал нь дуусч байна даа. Одоо л хэд хоногоос дахин явж эхэлнэ дээ. Сая урд явж байхдаа энэхүү бодлоо хүчээр биелүүлэх зорилгоор түүндээ зориулан бэлтгэлийн хувцас авлаа. Чамгүй мөнгө зарж авсан, явахгүй бол хохь нь. Дахиж тэгж мөнгө зориулж байхгүй шүү, чамд :D

За за, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр дутуу дулимаг зүйлс их байна өө. Нэг ажил төлөвлөхөөр дундуур нь өөр зүйл орж ирээд дутуу хийлгэх, эсвэл хэн нэг нь өөрийнхөө хариуцсан ажлыг дутуу хийснээс миний хойшлох, тэр цаг нь дэмий өнгөрөх, эсвэл би өөрөө залхуураад, лазантах гэх мэт олон шалтгаан байна даа. Ер нь хүн нэг зорилго тавиад, түүнийгээ маш дэлгэрэнгүй тайлбарлаж бичээд, хүрэх замаа тодорхойлоод тавихад ажил их амархан явна даа. Та бүхэн тэгж нэг үзээрэй. Тэгээд тэдгээртэй холбоотой ямар нэг ажил хийсэн, үр дүн нь гарсан бол тухай бүрт хувийг нь үнэлээд тавиад байхад ажил хэрхэн урагшилж байгааг та харж, зорилго чинь таны хажууд өөрөө хүрээд ирэхийг мэдрэх болно. Минийх тэгж байгаа, зорилго маань наашаа замдаа гарчихсан. Удахгүй хэдэн жилийн дараа хаалгыг минь тогших байх. Яг хаанаас, хэдэн км.цаг, эсвэл хэдэн м.өдөр-н хурдтай ямархуу зайнаас ирж байгааг нь сайн мэдэхгүй болохоор тосч авахдаа бэлдээд л байж байхаас.

Удахгүй энэ хэрхэн зорилго тавих, цаг төлөвлөлт яаж хийх тухай лекц тавина аа. Гэхдээ миний хувьд амжилтанд хүрсэн хүмүүс л бусдад зөвлөх хэрэгтэй гэж үздэг ч бас алдаж үзсэн хүн бусдад сануулах байдлаар зөвлөх хэрэгтэй болов уу.

Танд амжилт хүсье. Хичээгээрэй.