Monday, August 20, 2007

Ханиад, бас бус зүйлс ...

Зиак, ингээд 2 бүтэн өдөр гэрээсээ гаралгүй, орноосоо өндийлгүй ханиаданд дарлуулж хэвтэж өнгөрөөлөө дөө, хөөрхий гэж. Хаанаас нь ч тэгж их нойр гардаг юм, унтаад л, унтаад л. Уг нь нөгөө өдөрт 5-6 цаг унтахад л хангалттай байдаг байсан хүн сая 2 хоногт харин 5-6 цаг л сэрүүн байх шив дээ. Хамар битүүрээд Галазолин, нусны алчуур, салфетка хармаалаастай. Байнга л ханиалгаастай. Хэцүү байна шүү. Хэд хоног эрчимтэй эмчлэхгүй бол, өмнө нь хэд хоног зүгээр болчихоор нь эдгэчихлээ гээд яваад байсан чинь хууртагдаж орхиж. Ханиадны вирус гуайг өөрийг нь антибиотик тусгаж байж сална даа.
Өмнө нь бичиж байсан Билл Гейтс-ийн “Сэтгэлгээний хурдтай бизнес” номыг уншаад дуусгачихсан. Талаас нь хэтрүүлчээд уншилтын хурд удаашраад л, долоо хоногт 3-6 хуудас гэх мэт. Тэгж байгаад нэг эрчимтэй барьж аваад дуусгалаа. Дундуур нь даанч ажил ихтэй байсан болохоор ингэж удаан уншсан хэрэг л дээ. Одоо бас нэг шинэ ном аваад уншиж эхэлсэн. “Хүчирхэг компанийг хэрхэн босгох вэ?” гэдэг ном. Энэ номыг харин эрчимтэй уншиж байгаа. Талд нь оруулчихсан байгаа. Энэ номын талаар төрсөн сэтгэгдэл гэвэл: Шинэ бизнес эхэлж байгаа, удирдах албан тушаалд очиж байгаа, удирдах албан тушаалд ажиллаж байгаа, стратеги удирдлага, удирдахуйн ухааныг сонирхон суралцаж байгаа, судалж байгаа, карьер ахихыг хүсэж байгаа гэх мэт хүн бүхэн уншихад илүүдэхгүй, өөрийн зүгээс санал болгох номын нэг. Уг номонд: байгууллагын удирдагч хүн ямар байх ёстой, байгууллагын хэтийн зорилт гэж юу вэ? Түүнийг тодорхойлох нь хэр их ач холбогдолтой талаар, мөн хэрхэн тодорхойлох, стратеги төлөвлөлт гэж юу вэ? Байгууллагын үнэт зүйлс, баримтлах зарчим гэж юу вэ? Дэлхийд болон улсдаа алдаршсан компаниудын жишээ, удирдагчдын хэлсэн үгс гэх мэт зүйлсийг багтаасан байна.
Өмнө дурдсан Билл Гейтс-ийн номын талаар гэвэл, уг ном нь өнөөдөр зөвхөн мэдээллийн технологийн бизнес эрхлэгч, ажилтнууд биш төрийн байгууллага, оюутнууд, хувийн хэвшлийнхэн, эрүүл мэнд гээд л бүх л салбарын хүмүүс зайлшгүй унших ёстой ном гэж би бодож байна. Уг ном нь хэдийгээр 1999 онд хэвлэгдсэн ч түүнд дурдагдсан ихэнхи зүйлс, санаанууд нь одоо л олон нийтэд өргөн хүртээмжтэй болж, хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч байгаа нь уг номын зохиогчийн оюуны чадавхи, алсыг харсан бодлого нь хэр гайхалтайг илтгэж чадах байх. Чухам өнөөдөр л олон нийтэд илүү хүртээлтэй болж буй электрон худалдаа, электрон засаглал, зайн сургалт, байгууллагын дотоод мэдээллийн урсгалын тогтолцоо, түүнийг үр ашигтай ашиглах гэх мэт санаанууд нь аль 8-9 жилийн өмнө тэр хүнд бодогдсон, төлөвлөгдчихсөн байсан гэхээр бас л гайхалтай. Юутай ч та бүхэн өөрсдөө энэ номыг уншаад үз. Уг нь 3 цуврал ном шиг байна лээ. Монголоор эхнийх нь гарсан байсан. Сүүлийн 2-г нь англиар олж аваад уншихаар төлөвлөчихсөн байгаа.
Сүүлийн үеийн иймэрхүү орчуулгын номнуудыг уншаад байхаар манай орчуулагчид болон хэвлэлийн компаниуд доторхи найруулга, өгүүлбэр зүй, алдааны тал дээр ихээхэн дутмаг ажилладаг юм уу даа гэсэн бодол төрсөн. Мэдээж, хийсэн хүн нь өөрөө шалгахаар алдаагаа тэр болгон бүрэн ажигладаггүй, олж засдаггүй байх. Харин номын редактор, хэвлэлийн эх бэлтгэгч гэх мэт хүмүүс нь давхар давхар засаж, хэвлэлд бүрэн бэлэн болсон хойно нь бас нэг шалгагч ажилтан түүнийг нарийн уншиж, засаж байвал номын чанар илүү сайжирч, борлуулалтад ч сайнаар нөлөөлөх учиртай. Ингэхгүй бол хүмүүс өөр хоорондоо: “Энэ ямар ном байна? – Уул нь дажгүй юм шиг байна лээ, гэхдээ орчуулга нь жаахан тийм, нэлээн уншиж байж ойлгохоор байсан. – Аан за за, тэгвэл яахав. Өөрийг үзье” гэх мэтээр номын үнэлэмжүүд хувь хүмүүсийн харилцаанын түвшинд тархана. Ялангуяа орчуулгын номнуудын хувьд энэ байдал нь маш их нөлөөлнө.
За, баахан хадуурчих шиг боллоо. Ойрд Улаанбаатар хотод бороошоод, намрын уйтгартай саарал өдрүүд эхлэх гээд байх шиг байна. Уг нь энэ борооны ядаж тал нь 5, 6-р сард орсон бол зуншлага сайхан болж, ирэх өвөл яана даа гэж толгой өвтгөхгүй байх байж дээ.
За одооноос л өвлийн бэлтгэлээ сайн хийж эхлэхгүй бол ч юу юугүй л өвөл хүрээд ирнэ шүү. Нэг л мэдэхэд намар болж байгаа шиг. Яарч сандарч, их мөнгө зарцуулж байхаар, эртхэн бэлдээрэй.
За, ирж буй шинэ 7 хоногийн ажилд тань өндөр амжилт хүсэж, өөрийн амьдралын туршид дурсагдах их зүйлийг хийж бүтээгээрэй гэж хүсье.

Monday, August 13, 2007

Удаан орж ирсэнгүй...

Удаан хугацаагаар блогтоо орж ирсэнгүй. Ажил ихтэй байсаар л байна. Ойрын сонин сайхнаас гэвэл:

- Ханиад хүрсэн. Одоо хүртэл хамар жаахан битүү, хоолой хөндүүртэй. Гол шалтгаан нь шөнө сэрүүхэн байхад шорттой гадуур их салхилсных гэж таамаглаж байна. Бас манай аав ажил дээрээсээ ханиад гэрт импортоор авчирсан, түүнийгээ бидэнд бэлэглэсэн бололтой. Ээж бас ханиад. Манай гэрт 3 биш 4 этгээд байх шиг байна. Аав, ээж, би, ханиад.

- Ажил дээр бас их ажилтай. Гадны компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлэх гээд, тэд нартайгаа өдөр бүр уулзаж суудаг ажилтай. Хажуугаар нь өөрийн хийх ёстой ажил гээд л. Өдөрт унтах цаг маань багасаад л байх шиг.

- Бензиний үнэ өссөн чинь бас их дарамттай байна шүү. Ойрд гадуур явах ажил их гараад байгааг хэлэх үү. Ер нь цалингийнхаа талыг шахуу бензинд өгөх бололтой.

- Гадуур гайгүй чадвартай боловсон хүчний хэрэгцээ их байгаа бололтой. Гайгүй хүн байна уу, хүн олж өгөөч гэсэн л хүмүүс байна. Залуус минь, гайгүй ажил хайж байгаа бол над руу мэйл бичээрэй. Би холбогдох хүмүүст нь зуучилж өгье. Гайгүй том компаниуд, томрох компаниуд байгаа шүү.

- Ойрд ч гадаа айхтар халж байна шүү. Нэг сонин дээр бичсэн байсан, гадны хүмүүс монголчуудыг энэ их халуунд зүв зүгээр яваад, архичид нь архиа уугаад л зүгээр яваад байгааг хараад гайхаад, тэгсэн чинь монголд жуулчилж явсан 2 европ хүүхэн наранд цохиулж нас барсан сураг гараад, монголчууд ч бие сайтай хүмүүс юм аа гээд. Аргагүй шд, халуун байна гээд зуслан яваад байгаа хүмүүсийг нарнаас зугтаж байна гэж ойлгох уу, нар луу ойртож байна гэж ойлгох уу? Миний хувьд л лав ажил дээрээ сэрүүхэн өрөөнд өглөөнөөс үдэш хүртэл гарахгүй суухыг эрхэмлэж байна. Биеэ бодоорой, та нар минь.

За, өнөөдрийнхийг ингээд дуусгая. Би удахгүй нэг шинэ блог сайт нээхээр төлөвлөөд байгаа. Харин нэр олддоггүй. Олдвол шууд нээнэ ээ, та бүхнийг байнгын зочид болно гэдэгт итгэлтэй байгаа шүү. Түр баяртай.