Friday, January 2, 2009

2009 онд биднийг юу хүлээж байна вэ?

Шинээр эхэлж буй 2009 онд та биднийг юу хүлээж байна вэ?

Энэ асуултанд тодорхой хэмжээгээр хариулахыг хичээе.

1. Ойрхи Дорнодын бүсэд болж буй дайны үргэлжлэл. Израйлаас Палестинд зарласан, эхлээд хэд хонож буй энэ дайн нэлээн хугацаанд үргэлжлэх болов уу. НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын юу гэж хэлэх, уриалах нь бидэнд хамаагүй, улсын дотоод хэрэг гэсэн байр сууринаас Израйлын тал хандаж байгаа нь ингэж бодоход хүргэж байна. Гэхдээ энэ дайн нь нефтийн үнэд нөлөөлж чадахгүй байна, одоогоор. Удах тусам ямар үр дүн авчрах нь тодорхойгүй.

2. Санхүүгийн хямралын үргэлжлэл. Энэ жилийн хагас хүртэл үргэлжлэнэ, Хавар буюу 3-5 дугаар сарын үед жинхэнэ ид шидээ үзүүлэх байх гэсэн хүлээлтийг ихэнхи шинжээчид, эдийн засагчид гаргаад байгаа. Манай улсын хувьд одооноос валютын нөөцийн тодорхой хувийг евро, иен, юаны хэлбэрт шилжүүлээд, түүгээрээ энэ зуныхаа бүтээн байгуулалтыг хийх нь тодорхой хэмжээний ашигтай байх болов уу. Зам тавих, барилга барих гэх мэтэд угаасаа хятадуудыг ажиллуулдаг, хятадаас түүхий эдээ оруулж ирдэг юм чинь одоо хямд юань аваад хадгалчих нь хэрэгтэй байх. Их олон хүмүүс ажилгүй болж, хямд ажиллахад бэлэн болж байна, дэлхий даяар.

3. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль. 6 дахь удаагийн энэ сонгуулийн дүн нэг л тодорхой биш байна. Уг нь өмнөх сонгуулиудаас харж байхад өдийд нэр дэвшигч нь бараг тодорхой болчихсон, хэн ялах нь бараг тодорхой байдаг байсан. Гэхдээ манайх шиг Ерөнхийлөгчийн эрх мэдэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан халдаж, билэг тэмдэг дээр нь бүр нэрийн төдий болгочихсон улсад Ерөнхийлөгчийн хийж гүйцэтгэх зүйл бага.

4. Төгрөгийн ханшийн уналт. Энэ 2009 онд Монгол төгрөгийн ханш тодорхой хэмжээгээр унах болов уу. Харин Монголбанкнаас валютын нөөцийн бодлого, төгрөгийн ханшийн бодлоготоо дорвитойхон шиг томоохон өөрчлөлт хийж, түүнийгээ зөв хэрэгжүүлж чадвал төгрөгийн ханш унахгүй, улам чангарч ч магадгүй. Өнөөдөр Монгол улс зөвхөн ам.доллар биш, евро, юань ашиглан гадаад төлбөр тооцоогоо гүйцэтгэж байгаа болохоор валютын нөөцийг түүгээр хадгалаад байх нь тохиромжтой бус байх. Судалгааны арга зүйгээ ч өөрчлөх хэрэгтэй байх.

5. Эрүүл мэндийн доройтол. 1990-ээд оны эхээр ихэнхи орон сууцнууд нь халаалтгүй шахам байсан, хүнсний хомсдолтой байсан, сүүлийн 10-аад жил Нийслэлийг бүрхэж байгаа хорт утаа зэргээс Монгол улсын хүн амын тал хувийнх нь шахуу эрүүл мэндийн байдал ихээхэн доройтсон. Өнөөдөр эмнэлгүүдээр явж үзэхэд, амьсгалын замын өвчтэй, үе мөчний өвчтэй, зүрхний өвчтэй, тархины даралт, саажилт гэх мэт өвчнүүд өндөр хувьтай байна. Эдгээр нь утаа, витаминий дутагдал, даарснаас гэх мэт шалтгаанаас үүсдэг өвчнүүд. Ийм өвчтэй, өвчин нь хүндэрсэн хүмүүсийн тоо улам л ихсэх байх.

Үргэлжлэлийг дараагийн удаад...

Шинэ оны мэнд

Шинэ оны мэндийг хүргэе.

Та бүхэн сайхан баярлацгаасан уу? Бүгд л өөр өөрийнхөө хүрээнд, гэр бүл, найз нөхөд, ах дүүгээрээ шинэ оноо аз жаргалтай, сэтгэл дүүрэн угтацгаасан бизээ.

Би ч мөн адил аав ээжтэйгээ, гэртээ шинэ оноо угтсан. Гадаа хүмүүс салют буудуулцгаагаад л.

2009 оныг нийслэлчүүдийн тодорхой хувь нь тус тусын дүүргийн зохион байгуулсан баярт оролцож аль нэг талбай дээр угтсан байх. Энэ нь Нийслэлийн захиргаанаас төсөв хэмнэж буйтай холбоотойгоор Сүхбаатарын талбай дээр "Улаанбаатарын мөнгөн шөнө" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй гэсэнтэй холбоотой юм байна лээ. Гэхдээ миний бодлоор,
нэг газар нэгтгээд хийгээд болж байсан зүйлийг 6 дүүрэгт хувааж хийх нь зардал багатай тусаж байна гэдэг бол худлаа байх аа. Нийслэлийн төсвөөс биш, дүүргийн төсвөөс гарч байгаа байдлаар л харагдаж, тэр нь нийслэлийн төсвийг хэмнэсэн байдалтай, үнэн хэрэгтээ татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа дүн нь бараг их тусаж байж ч магадгүй юм. Хүмүүсийн нүдийг хуурах гэсэн ядсан арга байх л даа. Хуучнаараа Сүхбаатарын талбай дээр нэгдсэн байдлаар хийгээд, харин түүнийхээ гарах зардлыг боломжит хэмжээгээр хэмнэж хийсэн нь дээр ч байсан байх. Нийслэл харин иргэддээ өөрийн вебсайтаараа дамжуулан хэдэн төгрөгийн зардал гаргах байснаас дүүргүүдэд хувааж хийсэн нь нийт хэдэн төгрөг болж, бид ийм хэмжээний зардлыг хэмнэсэн гэж тайлагнах хэрэгтэй байх аа.

Бусад зарим нэг төрийн, төсвийн байгууллагууд ч гэсэн, шинэ жил хийхгүй гэснээ шинэ жил хийх зардлаа ажилтнууддаа хувааж өгөөд, тэд нь хэсэг хэсгээрээ нэг нэг газар цуглаж, шинэ жил хийгээд л. Ялгаатай нь урлагын тоглолт, байгууллагын оны шилдгүүд л байхгүй юм биз дээ. Гэхдээ зарим байгууллагууд хурал хийгээд, тэдгээр хүмүүсээ тодруулаад, шагналыг нь өгчихсөн дуулдсан. Нэг дор биш, хэсэг хэсгээр хийсэн болж таарч байна даа.

За, баахан шүүмж биччихлээ. Гэхдээ ингэж өөр талаас нь бас харж байх хэрэгтэй байх аа.