Tuesday, May 8, 2007

ТЭВЧЭЭРГҮЙ...

Засаж буй замаа бүрэн гүйцээх сэтгэл гаргах ТЭВЧЭЭРГҮЙ компаниуд...
Засуулах замаа 3хан хоног хаалгах ТЭВЧЭЭРГҮЙ зорчигчид, жолооч нар...
Дипломоо авахаас өмнө хонхны баяр хийх ТЭВЧЭЭРГҮЙ оюутнууд...
Үг гүйцээж сонсохгүй тайлбар тавих ТЭВЧЭЭРГҮЙ ажилтнууд...
Тайлбар бүрэн дуусгалгүй загнах ТЭВЧЭЭРГҮЙ удирдлагууд...
Улсаа хөгжүүлж амжилгүй хувиа хөгжүүлэх ТЭВЧЭЭРГҮЙ сайд, гишүүд нар...
Мэдлэг сурч амжилгүй биеэ үнэлэх ТЭВЧЭЭРГҮЙ хүүхнүүд...
Машинаа тавьсаны дараа уух ТЭВЧЭЭРГҮЙ жолооч нар...
Бүх л юмыг өршөөлгүй гишгэчин өнгөрөх ТЭВЧЭЭРГҮЙ цаг хугацаа...
Зүрх сэтгэлийг эдгэрэхийг хүлээлгүй дахин гэмтээх ТЭВЧЭЭРГҮЙ хайр сэтгэл..
Сэтгэлийн гутралыг даван туулах ТЭВЧЭЭРГҮЙ хүмүүн...
Гэрлэн дохио асахыг хүлээхгүй дайрах ТЭВЧЭЭРГҮЙ жолооч нар...
Зам тавьж өгөхийг хүлээхгүй сүлжих ТЭВЧЭЭРГҮЙ явган зорчигчид...
Гарц хүртэл 10 алхалгүй зам хөндлөн гүйх ТЭВЧЭЭРГҮЙ хүмүүс...
Амьдралын шалгуурыг давалгүй архи уух ТЭВЧЭЭРГҮЙ хүмүүс...
Зөв шийдлийг хүлээлгүй улс төржих ТЭВЧЭЭРГҮЙ хохирогчид, суугчид...
Зөв цагийг ололгүй яаран сэтгэлээ илчлэх ТЭВЧЭЭРГҮЙ хархүү...
Түр зуурын бэрхшээлийг даалгүй сэтгэлээ хувиргах ТЭВЧЭЭРГҮЙ бүсгүй...
....

Дараа үргэлжлүүлж бичнэ ээ.

Tuesday, May 1, 2007

Зарим нэгэн бодлууд...

За, юуны өмнө өнөөдөр буюу 5-р сарын 1-нд хорвоод мэндэлсэн хосгүй сайхан баярын өдөр нь тохиолдож буй найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе ээ. Чам руу уул нь өдөр утасдсан боловч Америк нарийн бичиг чинь аваад өмнөөс чинь яриад байна лээ.

За одоо ингээд зарим нэгэн эсэргүү, тэрслүү янз бүрийн эрс тэрс бодлуудаа эмхэлж цэгцлэхийг хичээж эхлэе дээ.
Зарим хүмүүс ч өрөвдөлтэй юм даа. Өөрийг нь хүмүүс анзаарахгүй ч юм уу, харьцахгүй байх тохиолдолд өөрт байгаа эрх мэдэл, нөлөөгөөрөө тэрхүү хүмүүсийг өөр лүүгээ анхаарлыг нь хандуулж, татахын тулд төрөл бүрийн сонин арга чарга хэрэглэх юм. Уг нь бол тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ ярианд өртөөд байгаа зарим хүмүүсийн нэр нь ч хэрэггүй л байхгүй юу. Тэгээд тэр хүмүүсийн гаргаж буй сонин үйлдлүүдээс болж хийж буй ажил маань хэд хоногоор саатах, гацах асуудал бол энгийн үзэгдэл. Ганц миний ч биш, эргэн тойрны хүмүүс маань хүртэл энэхүү хүнд суртал гэхэд хэцүү, саад гэхэд хэцүү зүйлсийг бүгд мэдэрч, залхаж байна шд.

Өчигдөр Дижитал, Айс Топ, Эс энд Ай, Салхи зэрэг хамтлагийн зарим гишүүд буюу дуучид гэх залуус, бас бус хэсэг эрхээрээ хатсан нөхдүүд Монгол улсад хар тамхины төрлийн мансууруулах бодис хууль бусаар хил давуулан оруулж ирсэн, худалдан борлуулсан, худалдаж аван хэрэглэсэн зэрэг удаа дараагийн үйлдлүүдээрээ 6 сараас 11 жил хүртэл хугацаагаар хорих ял авцгаалаа. Бүгд л 22-26 насны залуус. Миний үеийнхэн, манай дүү нар шиг хүүхдүүд. Хайран сайхан залуу насандаа ийнхүү хар толбо суулгах ч гэж дээ. Зарим нь өгсөн мэдүүлэгтээ, Гадны хип хоп дуучид хэрэглэдэг гэж сонсож байсан болохоор сонирхоод хэрэглэсэн, 3-8 удаа худалдаж авч байсан гэж хэлсэн байх юм. Юу хийж гийгүүлсэн гэж тэгж бусдыг дуурайдаг байна аа. Тэд нар шиг нэр алдарт хүрч, баяжиж чадаагүй байж. Нарантуул захын босс Сайхансамбуу-ын хүүхэд Наранбат гэдэг залуу бас 6 сар хорих ял авлаа. Эцгийн буяныг буруу хэрэглэж, эрхээрээ хатна гэдэг л болж байх шив дээ. Одоо юм сурч, ойлгох байлгүй дээ, тэдгээр залуус.

Ойрд их завгүй гүйгээд байна гээд байсан чинь бас өөрөө мэдэлгүй ядаргаанд орох гээд байх шиг. Гэхдээ зүгээр ээ, одоо л ажиллахгүй бол хэзээ ажиллах вэ дээ. Тийм биз дээ. Бизнестээ ашиглах Сервер маягийн компьютер авчихсан, одоо манай програмист янзалж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл удахгүй хагас сарын дараа гэхэд бүтэн 2 жил бодож явсан ажлаа эхлүүлж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэнэ гэж төсөөлж байна. Тэгвэл ч залуу хүний хувьд хийсэн зүйлтэй гэж бахархах, ганцаараа бие даан тусдаа амьдрахад хүрэлцэхүйц орлоготой болох юм.

Хавар болоод хүмүүсийн синдром гэж нэрлэдэг өвчнүүд хаа сайгүй тохиолдож байх шив дээ. Хүүхнүүдийн хувцас нимгэрээд, гоё гоё бие хаа үзэгдээд, эрчүүдийн нүд хачин хачин болоод, хүмүүс үдийн хоолны дараа нозоорч, лазан нь хөдлөөд, гадуур улс төр хачин идэвхитэй өрнөөд л, залуу хосууд хөтлөлцөн гүйцгээгээд л, шороо шуураад л, хог хийсээд л, согтуу хүмүүс хөлхөлдөөд л, бие биенийгээ алаад л (сая нэг таксины жолоочийг 17 хутгалаад, нүцгэлээд Туулын эрэг дээр хаясан хэрэг гарсан байна, ердөө 4 дугуйг нь 85000-р зарах гэж), хотын амьдрал ч хачин идэвхитэй үргэлжилж байна даа.

за за, энэ бичлэг ч олигтой болсонгүй шив дээ. харьж амрахаас. нүдний дээд, доод зовхи өөрийн эрхгүй бие биенээ машид ихээр санацгаасан бололтой, байн байн уулзалдах гээд зүтгээд байх юм. Харьж үстэй биесийг нийлүүлж, шөнөжин жаргаахаас. Түр баяртай. Дараа олигтойхон юм сараачихыг хичээнэ ээ.