Wednesday, October 17, 2007

Travel, Law, Stress,

Ойрд юм бичсэнгүй, бичсэнгүй ч гэж зав болохгүй гүйж харайсаар байгаад өдий хүрчихлээ. Гэхдээ бусдынхаа блогуудыг уншаад л байгаа шүү. Энэ удаад явж үзсэн орнуудынхаа талаар бичье гэж бодлоо. Би ч нэг их олон орноор явж байгаагүй л дээ, бусад хүмүүстэй харьцуулахад.

Хамгийн эхэнд явж үзсэн орон бол мэдээж БНХАУ. 8-р ангиа төгсөөд ээжтэйгээ хамт Бээжин хот руу галт тэргээр аялж байж билээ. Анхных болоод ч тэр үү, олон улсын шууд вагон байсан болоод гадны хүмүүс ихтэй аялж байсан болоод ч тэр үү, их л дурсамжтай аялал байсан юмдаг. Түүний дараа 2 ч удаа Бээжин рүү дахиж явсан.

Энэ хүртэл онгоцонд сууж үзээгүй байсан. 2002 онд Казахстан улсын Алматы хот руу албан томилолтоор явахдаа анх удаа онгоцонд сууж үзэж билээ. Ажлын хамт олонтойгоо явж буй анхны аялал, анхны томилолт байсан болохоор мөн л их дурсамжтай, хөгжилтэй үйл явдал их тохиолдсон, мөн урт хугацааны аялал байсан. Их ч юм үзсэн, их ч ядарсан, их ч хөгжилдсөн.

Дараа нь Хайнан арал руу ажлын хамт олонтойгоо 7 хоногийн хугацаатай амралтаар явсан. Оны шилдэг ажилтан болоод шагнуулсан хэрэг л дээ. Дандаа залуучууд, эндээс галт тэргээр явсан болохоор галт тэрэгний хурдан явж байгаа гэж, бидний хөгжилдөн цэнгэлдэж байгаа гэж, их сайхан аялал болсон. Хайнан-д их зүйл үзсэн. Сувдны аж ахуй дээр очиж, хэрхэн сувд үржүүлгийн ажил явагддаг, болорыг хэрхэн олборлодог, хуурамчаас хэрхэн ялгадаг гэх мэт их олон зүйлсийг үзэж харсан, мэдсэн.

Дараа нь бас нэг Бээжин явчихаад, зун нь Хонг Конг улс руу албан томилолтоор явлаа. Жижиг газар, олон хүнийг хэрхэн багтааж болдгийг харлаа. Дунд нь орж явж үзлээ. Өртөг өндөртэй газар амьдрах хэцүүг мэдэрлээ. Аливаа юмыг эхлээд судалж үздэггүй хэнэггүй зангаасаа болж одоог хүртэлхи амьдралдаа хамгийн өндөр өртөгтэй өглөөний цайг тэнд ууж үзлээ. Мөн яаруу зангаасаа болж тийм үнээр таксидаж үзлээ. Уг нь метро нь их ойлгомжтой, дажгүй л юм байна лээ шд, би л тоогоогүй болохоос. хэхэ.

Энэ жилийн зун Сингапур улс руу явж үзлээ. Бас олон улсын хуралд оролцож, туршлага судлахаар. Урьд өмнөх албан томилолтуудаас хамгийн үр өгөөжтэй томилолт нь энэ байсан болов уу гэж бодож байгаа. Олон орны банкуудаас хүмүүс ирсэн, сайхан сайхан лекц уншсан, гадуур нь явахдаа бас зүгээр байгаагүй, банкны салбаруудаар нь орж өлөн нүдэлж явсных их юм сурсан шүү. Заримаас нь ажилдаа ашиглаж эхэлж байгаа, Монголд нэвтрээгүй зүйлс.

Ер нь ингээд бодож байхад, эдгээр улсуудад хууль дүрэм нь хэр хатуу, чанга байдгийг нь мэдэхгүй ч хүн бүр түүнийг сахиж байхад хажууд нь байгаа нутгийн биш хүн ч дагаад мөрддөгийг мэдэрсэн. Хонг Конг-д гэхэд л алхам тутамд "Бид дэлхийн хамгийн анхны тамхигүй хот гэдгээрээ бахархдаг" гээд л бичээд хадчихсан, зурагт хуудсууд өлгөөтэй байхад баргийн тамхи татдаг хүн тэвчихээр л юм билээ. Би татдаггүй учраас тун баясгалантай явсан, тэнд. Мөн зам нь хоосон байсан ч гэрлэн дохиог хүлээгээд л зогсож байдаг, учир нь гэрлэн дохио зөрчиж яваад осолд орвол шууд буруутан болдог. Манайхан бол хоосон байна гээд л алхаад гарчихдаг. Мөн машинууд нь улаан гэрэлтэй байхад уулзварын цагаан шугамыг нэвтэрдэггүй, харин манайхан бол аажим аажмаар мөлхөөд, явган хүнээ түрээд, шахаад явсаар байгаад уулзварын голд очоод зогсчихдог, цагдаа нь юу ч хэлдэггүй, хараад л зогсож байдаг. Та бүхэн мэдэж байгаа биз.

За за, бүр хадуураад явж байна. Миний хэлэх гэсэн гол санаа бол хүн бүр дор бүрнээ ухамсарлаад, хогоо хаяхгүй, дүрмээ зөрчихгүй байхад манай улсад санаа зовох юм нэгээр багасаж, хүмүүс бид нүүр баясгалантай явах болно шүү дээ. Стрессээс бага ч атугай ангижирна гэсэн үг. Үүнийг очиж үзсэн цөөхөн улсуудтайгаа харьцуулж хэлж байгаа юм.

Миний дараагийн очих цэг бол Вьетнам, Ханой хот. Түүний дараа Энэтхэг, Шинэ Дели хот. Эдгээр улсуудад очиж ирээд тайлангаа тавина аа.

За түр баяртай,