Wednesday, March 28, 2007

Хэний ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол оо?

Ойрд ерөөсөө ажил бүтэхгүй байна, хэрэг алга аа. Хэнийх нь ямар тахил нь яаж буруу өрөгдөхөөрөө миний ажил ингээд бүтэхгүй байна аа. Ажил бүтэмж муутай, удаан байхаар стресст ороод хэрэг алга. Хэдийгээр бүх юм сайхан болно гээд яваад байгаа ч заримдаа энэ бодолдоо болоод өөртөө уур хүрэх юм. Яагаад ч тэгээд бодоод яваад байгаа юм, мэдэхгүй байж чи юу гэж ингээд бодоод яваад байгаа юм гэж өөртөө уурлах юм.

Хүмүүс сонин юм аа. Ажил даалгаад өгөхөөр за гэж хэлчихээд таг болчих юм. Тэгээд асуугаад утасдахаар утсаа авахгүй, гүрийчихнэ гэж байгаа. Харин өөр хүнээр залгуулахаар утсаа авч байгаа юм даа. Тэгээд яагаад ингэв гэхээр санаа зовоод гэсэн хариу өгнө. Утсаа аваад, амжихгүй байна аа, дахиад жаахан хугацаа өгчих гэж хэлж болно доо. Тэгэхгүй байгаад л уур хүрч байна. Давхар миний ажил, өөр хүмүүсийн ажлыг алж байгаа байхгүй юу. Учир нь би бурхан биш болохоор, бурхан ч байсан гэсэн миний ажил ямар нэгэн байдлаар дараагийн өөр хүний ажилтай холбогдож таарна. Тэр хүмүүсийн ажлыг алчихаж байгаа байхгүй юу. Хийнэ гэсэн хугацаандаа хийхгүй, удсан шалтгаанаа тайлбарлахгүй, үг дуугүй, таг чиг алга болчих юм. Үнэхээр уур хүрмээр. хүрмээр ч гэж, хүрч л байгаа юм л даа.

За за, өглөө ирэнгүүтээ баахан бухимдсан бодлоо илэрхийлээд биччихлээ. Та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ л ингэж илэрхийлж, гадагшлуулж байж л тайвшрахгүй бол болохгүй нь.

Өнөөдөр Харагчин туулай сарын шинийн 10-ны өдөр. Үс авахуулах буюу засуулбаас эрч хүч ихэснэ. Иймээс эрч хүчтэй ажиллахын тулд өнөөдөр үсээ засуулна аа.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Таны ирээдүй танаас л шалтгаална.

Sunday, March 25, 2007

Анд нөхдийнхөө тухайд

Анд нөхдийнхөө тухайд хэдэн үг тэрлэсүй.

Надад олон найз бий. Цэцэрлэгийн, 10 жилийн, нэг байрны, их сургуулийн, ажлын, ажил хэргийн гээд л. Би найзуудаараа их бахархдаг. Мөн тэдэнтэй найз байдгаараа өөрөөрөө бахархдаг. Найз гэдэг үг нь өөрөө их эрхэм үг юм. Миний найзууд их дотно, найрсаг, илэн далангүй байж чаддаг.

Би ганцаардахаас их айдаг хүн. Тиймээс би олуулаа байх дуртай. Би найзуудтайгаа байсан цагт улам ихийг бүтээж, улам их амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэдэг.

Миний найзууд дотор үеийнхнээсээ тасарсан амжилтад хүрсэн хүн ч бий, үеийнхнийхээ хүрсэн амжилтад ч хүрээгүй явж байгаа хүн ч бий.

Би найзууддаа хайртай. Тэд ч бас ингэж боддог гэдэгт би итгэлтэй байна. Эрчүүдийн нөхөрлөлөөс авах ч юм бий, хаях ч юм бий. Гэхдээ л үргэлж нэгнийхээ төлөө байдаг болохоор бүх юм зөвддөг. Уухаас бусад дээр шүү дээ. Хэ хэ.

Найз гэдэг бол эрхэм хүн. Насан туршдаа найз байж чадвал бүр эрхэм. Хамтдаа амжилтад хүрвэл бүр сайн. Билл Гейтс, Пол Аллен нар, Сергей Брин, Ларри Пейж нар шиг мөнгөнд эвдэрдэггүй нөхөрлөл энэ дэлхийд зөндөө.

Нөхөрлөлөө эрхэмлэцгээе. Та нарыг түшиж тулах хүмүүс чинь гэр бүлийнхнээс чинь гадна анд нөхөд чинь шүү гэдгийг үргэлж санаж яваарай.

Мэдээллийн технологи миний амьдралд...

Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" гэдэг тун сайхан зохиол байдаг даа. Бага байхдаа зөндөө уншдаг байсан, хэдэн удаа уншсанаа ч мартчихсан байна. Би энд мэдээллийн технологи, компьютер гэдэг зүйлтэй хэрхэн танилцсан, тэдгээр зүйлс нь одоо миний амьдралд ямархуу үүрэг гүйцэтгэж байгаа тухай бичих гэж байна. Бас гарчиг дээрээ IT гээд тавьчихсан байгаа юм чинь тэр тухай бичих нь зүйн хэрэг гэж үзэж байна.

Компьютертэй танилцсан минь. 1-р ангид суралцаж байхад манай сургуульд Компьютер гээч зүйл ирэв ээ. Сургууль компьютерийн танхимтай болж байгаа гэнэ гээд л том ангийн хүүхдүүд шуугиад л, багш нар инээмсэглэл тодруулж гүйцгээгээд л. Тэгсэн чинь нэг өдөр хүүхдүүдийг компьютер тоглуулж байна гээд л хүүхдүүд гүйлдээд. Ангийн багш маань биднийг зохион байгуулалттайгаар тийш нь авч явлаа. Тэгсэн чинь хүүхэд болгоноос 1 төгрөг авч оруулж байв. Мөнгөө өгөөд орлоо. Тэр тоглоом нь одоо бодоход Puzzle маягийн тоглоом байсан санагдаж байна. Түүнээс хойш л компьютер гэдэг зүйл миний амьдралд эргэлт буцалтгүй орж ирсэн.
Дараа нь аавынхаа ажил дээр очсон чинь нарийн бичиг нь бичгийн машинаа болиод компьютер дээр ажлаа хийдэг болсон байв. Тэр нь Windows 3.11 үйлдлийн системтэй, 286 процессортой байсан байх. Принтер нь шивж хэвлэдэг, өрөөгөөр нэг дуу хадаадаг байлаа. Анх тэр үйлдлийн систем дээр л ажиллаж үзэж байлаа. Түүний дараа Windows 95 үйлдлийн системтэй 486 процессортой компьютер авсан. Ингээд л би ааваасаа персонал компьютер авч өгөхийг гуйж эхэлснээр нэг л өдөр гэртээ өөрийн гэсэн компьютертэй болов доо. Анхны тэр компьютер ч ярьдаг байсан бол "намайг өршөө" гэж хэлэхээр л болсон байсан даа. Оюутан болсон хойноо процессорыг нь бариад л сургуульдаа явдаг байлаа. Багшаараа юм заалгах гэж, тэрийг нь өөрийн компьютер дээрээ сурах гэсэн зорилготой. Одоо бол би компьютер дээр ажиллахгүйгээр 7-с дээш хоног тэснэ гэдэгтээ маш их эргэлзэж байна. Гадаадад, хөдөө томилолтоор явахдаа laptop-оо чирээд л явдаг. Донтой болсон гэж хэлэхэд хэцүү ч тийм байдалд дөхөж л байна.
Гар утастай танилцсан минь. Бас л үүнтэй танилцахад миний аав нөлөөлсөн. Аав минь ажлаасаа утас авлаа. Би түүнийг нь их судална. Удалгүй мөнгөө хурааж байгаад өөрөө нэг дугаар авлаа. Утас ч авав. Залуу хүний толгой сийрэг гэж, нэг их удалгүй гэрийнхнийхээ утас, телевиз, компьютертэй холбоотой бүгдийг өөрөөсөө хамааралтай болгосон байлаа. Би ч бас тэрүүхэндээ хөөрхөн бизнес гэж хэлэхэд хэцүү ч оюутан хүнд хангалттай мөнгө олдог ажил эрхэлдэг байсан болохоор мөнгөөр хангалуун гэхгүй ч дутагддаггүй, гэрээсээ хэрэглээний мөнгө авдаггүй оюутан байлаа. Тэгээд гар утсыг ч харин ч нэг сольж эхэлсэн дээ. Нэг утсыг 1-6 сар л барьдаг. Тухайн утасны эдэлгээ, таалагдсан байдал, мөн мэдээж үнэ ханшнаас нь болж барих хугацаа янз бүр. Үнэтэй авсан, шинээр нь авсан, олон үйлдэлтэй, өнгө үзэмж сайтай, эдэлгээ даахуйц утас бол 6 сар болох жишээтэй. Тэр үед Nokia 7110 утсыг авах гэж бүтэн 3 сар хүссэн гээд бодохоор бас л их сонирхолтой байж дээ. Одоо би 2 гар утас барьдаг. Удахгүй 3, 4 дэх утсыг авах зайлшгүй шаардлагатай болно гэдгийг мэдэж байна. Учир нь миний ажил тийм шаардлага тавьж байна.
Мэдээллийн технологи одоо миний амьдралд. Одоо бол миний амьдралд хамгийн том байр эзэлж, үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээллийн технологи. Өдөр бүр компьютэр, интернетээр ажлаа хийнэ. Имэйл, чат бол байнгын хэрэглээ. Гар утсыг бол бүр ярилтгүй. Гар утасгүй ганц ч өдөр болж чадахгүй. Мөн гар утас, компьютер, интернет байхад би өлсөж үхэх байдалд орохгүй. Учир нь энэ 3-р мөнгө олж, энэ 3-р мөнгө үрж байна. Дэлхий дахинд одоо 2.5 тэрбум шахам хүн гар утас хэрэглэж, 1 тэрбум орчим хүн интернетээр зугаалж, гар утас, интернетийн компаниудын орлого өдрөөс өдөрт тэрбум тэрбумаар өсөж байна. Ийм байхад бид үүнээс хэрхэн хоцрох билээ дээ. Адилхан л хөл нийлүүлэн алхаж, ижил технологи эрхэлж байгаагийн хувьд бизнесийн орон зайг түрүүлэн харж, цаашдын амьдралдаа нэвтрүүлэх хэрэгтэй. Мэдээлэл бол мөнгө, давуу тал, өрсөлдөх чадвар. Тэрхүү мэдээллийн дамжуулахад мэдээллийн технологи хэрэгтэй. Ингээд бодохоор ямархуу чухал зүйл болох нь ойлгогдож байгаа биз ээ. Уншигч та ч энэ талаар санал нэгтэй байгаа биз ээ. Таныг өөрийн саналаа үлдээвэл би тун их баярлах болно.

Saturday, March 17, 2007

Та бид чухам ямар газар амьдарч байна вэ?

Та бид чухам ямар газар амьдарч байна вэ? Та энэ талаар нэг тунгаан бодож үзсэн үү? Ингэж асуухаар юу бичих гээд ийм сонин асуулт асуугаад байна гэж бодох байх л даа. Гэхдээ өөр байдлаар асуух арга алга байна даа.
Бид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа шүү дээ. Гэтэл зарим хүмүүсийн хийж буй үйлдэл, гаргаж буй авираас харахад хогийн саван (хогийн цэг ч байж магад) дотор байгаа юм болов уу, эсвэл уурын зуухан дотор байгаа ч юм уу, эсвэл бүр галзуугийн эмнэлэгт ч амьдарч байгаа мэт санагдах юм. Яагаад ингэж бодож байгаагаа тайлбарлая л даа.
1. Хогийн сав, хогийн цэг ч байж магад. Гудамжаар явж буй хүмүүс, машин дотор явж буй хүмүүс бүгд хогоо шууд ил хаядаг. Явган явж буй хүмүүс нь бохь, чихрийн цаас, ундааны сав, шил, тамхины иш болон бусад зүйлсийг шууд замын хажуугийн цэцэрлэг рүү чулуудчихдаг. Машинтай явж буй хүмүүс нь хог хаягдлаа машин дотроо зориулалтын саванд нь биш цонхоо онгойлгоод гадагш нь хаячихдаг. Тэгээд тэр хүмүүсийг харахаар юу ч болоогүй юм шиг амгалан төрхтэй царай гаргаад л инээгээд хээвнэг явж байх юм. Та нар боддоо, бид гэртээ яадаг билээ, хогоо барьж очоод хогийн саванд хийдэг шүү дээ. Гэтэл бидний амьдарч буй нийслэл хот маань та бидний л гэр шүү дээ. Гэтэл шууд л гадаа ил хог хаяж байна. Үүнийгээ больцгооё. Заавал хотын захиргаа энэ асуудлыг шийдэх гээд л, энд тэнд хогийн сав аваачиж тавиад л, дүрэм журам гаргаад л, торгоно барина гэж айлгах хэрэг байхгүй шүү дээ. Нийслэл хотын иргэн та бид л өөрсдөө ухамсарлаж, хогоо ил хаяхгүй, түр барьж яваад л эхний тааралдсан хогийн саванд, үгүй бол халаасандаа ч юм уу авч явж байгаад л гэртээ, ажил дээр, аль нэг байгууллагад орохдоо түүнийгээ хаяж байя. Ингэвэл бид цэвэрхэн хотод амьдрахаас гадна хавар, намрын хавсарганд нүүр, толгойдоо хогийн уут углуулчих гээд явж байдгаа болино шүү дээ.
2. Уурын зууханд амьдарч байгаа юу? Өвөл, хавар намрын цагт Улаанбаатар хотод амьдрах аргагүй боллоо. Өглөө босоход битүү утаа, үзэгдэх орчин хязгаарлагдмал. Гараад явахаар хоолой хорсож, ханиаж эхэлнэ. Ажлын 8 цагийг дуусгаж амжилгүй цагаан цамцны ханцуй, зах зэрэг ил гардаг хэсгүүд нь тас хар болно. Үүнээс болж өвлийн цагт өнгөлөг хувцас өмсдөг хүн алга боллоо. Аргагүй шүү дээ, ганц хоёрхон хоног өмсөөд угаагаад байхаар хувцас яаж тэсэхэв дээ, ямар дотуур хувцас, цамц зэрэг байгаа биш. Утааны асуудалдаа эргээд оръё. Амралтын өдрүүдээр хотоос гадагш 2, 3 цагийн хугацаатай гараад хот руу орж ирэхэд шууд хоолой хорсож, нулимс гоожиж эхэлнэ. Яг нэг гал асаах гэж удаан оролдсон хүн шиг. Намайг бага байхад 3, 4-р хороолол шиг сайхан газар байдаггүй байлаа. Тасганы овоо өнгөрөөд л ороод ирэхэд гэрэл гэгээ гэж нүд гялбам гэрэлтсэн газар байдаг байсан чинь одоо битүү саарал утаа. Юу ч харагдахгүй. Осолдохгүй замаа бариад явахад зорьсон газраа хүрнэ. Энэ бүхэн юунаас болж байна вэ? Гэр хороолол гэж хүн бүхэн хэлнэ. Энэ үнэн. Амьжиргааны түвшний ялгаатай байдал, хотжих хөдөлгөөн, зах зээлийн төвлөрлөө дагаад Монгол улсын хүн амын 47 орчим хувь нь нийслэлдээ төвлөрсөн. Хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал нь социализмын үеийн орос мэргэжилтэн ах нарын тогтмол өсөлттэй төлөвлөгөө, нийслэлийн үе үеийн удирдлагуудын газрын замбараагүй наймаа зэргээс болж бүрмөсөн мартагдсан Улаанбаатар хот маань өнөөдөр дэлхийд энэ байдлаараа үлгэр дуурайл болж, архитектур, public engineering чиглэлийн сургуулиудын сургалтад давтаж болшгүй алдааны кейс, сургалтын материал байдлаар ороход гайхах зүйлгүй болж байна. Уг нь энэ утааны асуудлыг хялбархан шийдэх боломж их байгаа шүү дээ. Цахилгаан түгээлтийн асуудлыг л зөв шийдээд, шөнийн цагт хямд тарифаар түгээхэд л утааны асуудал эрс багасна. Түүнээс утаагүй зуух ч гэдэг юм уу, илчлэг ихтэй түлш гэх мэт бол үүнийг шийдэх гарц биш. Мөн бас нэг арга нь гэр хорооллын хэсэг айлууд, гудамжаараа гэх мэт бүлгээрээ нийлээд ХЗХ байгуулаад (луйврын шинжтэй, өндөр хүүтэй биш, өмнөх нийгэмд байсан шиг харилцан туслалцах хоршоо байдлаар) мөнгөө нийлүүлээд, өөрсдийн газартаа хувийн байшин бариулаад ажиллаж болно шүү дээ. Ээлж ээлжээр эхлээд нэг нь байшинтай болоод, түүнийхээ төлбөрийг бага багаар хоршоондоо төлөөд, тэрхүү хуримтлалаар нь дараагийн хүн байртай болох гэх мэт байдлаар ажиллавал маш хурдан, хялбар шийдэх боломжтой. Нийслэлээс үүнд нь ямар байдлаар оролцох вэ гэвэл хаягжилт, кодлол, төвийн эрчим хүч, усны холболтыг л шийдэж өгөх хэрэгтэй. Бусдыг нь иргэд өөрсдөө хийнэ. Миний бодлоор энэ бол хамгийн үр дүнтэй арга. Та нарт өөр санаа байвал сэтгэгдэл үлдээгээрэй.
3. Галзуугийн эмнэлэгт амьдарч байна уу? Орой бүр телевизээр улс төрийн элдэв шоу, шар сонингуудаар элдэв төрлийн үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан, мэдээллүүд, хорчин хүмүүсийн найруулсан хорны үр дүн, хордуулах үйл ажиллагааны тухай гэх мэт чих дөжирч, нүд эрээлжилмээр мэдээллүүд гарч байна. Улс төрийн элдэв шоу-г харахаар нэг бол би галзуурсан, нэг бол тэд галзуурсан гэх мэт сэтгэгдэл төрөх боллоо. Телевизийн сэтгүүлчид ч гэсэн, бүгд аль нэг намыг дэмжсэн, балиашигласан байдалтайгаар нэвтрүүлгээ ард иргэдэд хүргэнэ. Түүнийг нь сонсохоор бүр дургүй хүрч, бөөлжис цутгахыг нь яана. Одоо Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бүх телевизүүд бүгд тус тусдаа нэг намын харъяалалтай, түүнээсээ санхүүждэг. UBS, TV5, TV8, TV9, TM зэрэг нь МАХН, тэр дундаа төстэй нэртэй 3 нь бүр нэг гэр бүлийн мэдлийнх, бусад нь Ардчилсан намын лидер гэгдэх бизнесменүүдийн телевиз. Ингээд бодохоор мэдээллийн хамгийн хүчирхэг энэхүү хэрэгслийг эдгээр намууд ард иргэдийн тархийг угаах, өөрсдийгөө сурталчлах зорилгоор эзэмшиж байгаа нь тодорхой байна. Байдал ийм болохоор л ард иргэд бид чухам ямар газарт амьдраад байгаа нь тодорхой бус байна шүү дээ. Шар сонингуудын хувьд байдал бүр дэндүү. Хэн нэгний санаанаасаа зохиосон мэдээллүүд л шар сонингуудад хэвлэгдэж байна. Ямар ч баримт нотолгоо байхгүй, чанарын шаардлага хангахгүй. Жишээ нь: Таны үзэх ТВ гэдэг сонины саяхны нэг дугаарт арын нүүрэн дээр "Сая долларын үнэтэй хайр дурлал" гэсэн мэдээ байна. Түүн дээр Парис Хилтоны зургийг тавиад, дор нь "Парис Латиц. Грекийн тэрбумтны отгон охин" гээд биччихсэн байна. Дэлхийн хамгийн тэнэг, хамгийн алдартай шоучин, загвар өмсөгч, дуучин, жүжигчин, маш их мөнгөтэй энэ хүүхний талаар мэдэхгүй хүн гэж ховор байх. Ингэж бичсэнээрээ тэр сэтгүүлч, түүнийг хянасан редактор, хэвлэсэн сонин нь өөрийнхөө зиндааг илтгэж буй хэрэг. Түүнээс хойш би тэр сонинг дахиж аваагүй. Асуудалдаа эргэн оръё. Хэн нэгэн сэтгүүлчийн санаанаасаа зохиосон худал мэдээллүүд, аль нэг намын захиалгатай тархи угаах мэдээ, нэвтрүүлгүүд зэрэг нь биднийг мэдээллийн хэрэгслээр дамжуулан зомби маягийн хүмүүс болгох гэж байна хэмээн айдас төрүүлж байна. Телевизүүд нь олон нийтийн анхаарлыг татсан сонирхолтой хөгжилтэй шоу нэвтрүүлэг хийхгүй, зөвхөн гадны нэвтрүүлгийг дуурайсан, орчуулсан байдлаар гаргаж байгаа нь хичнээн ядмаг сэтгэхүйтэйг нь харуулж байна. Тэгээд бас түүнийгээ ч сайн хийчихгүй байгаа шүү. Орой үдэш гадуур явахаар согтуу хүмүүс орилж чарлан, уйлж дуулсан, хоорондоо зодолдсон, нэгнийгээ алсан, дээрэмдсэн байдалтай байх юм. Бас агуу ихийн дэмийрэлд автсан хүмүүс зурагт, радиогоор "Би бол Чингис хааны хойт дүр", "Хотынхоор нэрийг л Чингис гэж нэрлээгүйгээс бид ийм муу байдалтай байна", "Тэр хүн бол авилгалч, харин би бол насаараа төрийн байгууллагад ажиллаад цалингаасаа нэг ч төгрөг үрэхгүй хурааж байгаад, бас ах дүү нар, нутгийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр байшинтай болсон, хурдан удмын адуутай боллоо" гэх мэтээр эрүүл эсэх нь эргэлзээтэй ярилцлагууд өгч, хүмүүс тэдгээрийг нь худал гэдгийг мэдсээр байгаа хирнээ л өөр үзэх юм байхгүй болохоор аргагүйн эрхэнд үзэж, баясаж байна. Ингээд бодохоор нийслэл хот маань галзуугийн эмнэлэгтэй тун төстэй байдалтай байна.

Та бүхэн энэ талаар сайн бодож үзэцгээнэ биз дээ. Би баахан болохгүй бүтэхгүй, харанхуй саарал зүйлүүдийг л түүж аваад биччихлээ. Бухимдал төрүүлсэн бол хүлцэл өчье. Гэхдээ залуучууд бид эдгээр асуудлуудыг тодорхойлж, хоорондоо ярилцан, санал бодлоо хуваалцаж, гарсан шийдлийг нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, гартаа бүлтэй, сэтгэлдээ тэнхээтэй, зоригтой, самбаатай, авхаалжтай залуус маань хэрэгжүүлэх л хэрэгтэй шүү дээ. Ийм үүднээс л, санаа төрүүлэх зорилгоор би энэ бүхнийг бичиж байна. Та бүхнийг энэ талаар саналаа үлдээвэл өчүүхэн би тун их баярлах болно.

Tuesday, March 13, 2007

Цастай өдөр

Өчигдөр шөнө орж эхэлсэн цас одоо хүртэл орсоор л... Энэ хавар ийнхүү 4 дэх удаагаа цас орж байна. Энэ хаврын цас урьд урьдынхаас их онцлогтой. Зөөлөн сэвсгэр, нэг орохдоо бүтэн өдөр орно, хайлахдаа удаан гэх мэт. Хаврын нар илч муутай гэдэг ч ирж буй цаг юм болохоор өдөртөө зам дээрхи цасыг хайлуулж, шалбаагтуулна. Шөнөдөө жавартай хонож нөгөө шалбаагыг нь хөлдөөнө. Өглөө нь толь шиг замаар мөлхөж өгнө дөө. Зарим нэг нь модон шаахай өмссөн Япон хүүхнүүд шиг шогшоод л, зарим нь гулгаж яваад л, машинтай хэд нь бие биетэйгээ золгочихгүйхэн шиг л мөлхөөд л. Өчигдөр орой харьж явахдаа Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын мэдээллийн самбараас "шөнөдөө цас орно, өдөртөө орохгүй" гэсэн мэдээллийг уншаад өглөө ч гайгүй байх юм байна даа гэж бодсон чинь өнөө өглөө харин сайхан нэвсийтэл орж байдаг байна шд. Тэгээд өглөө ажилдаа явахдаа нөгөө самбараа харсан чинь "өдөртөө цас орно" гэж өөрчлөгдсөн байлаа. Бодвол шөнө орох цасыг тээсэн үүл маань ирэх замдаа жаахан оройтоод үүрээр эхэлсэн болохоор өдөртөө үргэлжлэн орсоор байх бололтой. Оройтсон гэснээс, энэ их цас маань өвөл үзэгдээгүй. Шинэ жилийн баяр маань цасгүй болсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ өвөл орох ёстой байсан хэмжээгээрээ одоо орж байгаа юм шиг байна. Оройхон гараад ширүүхэн дайрна аа гэж.

Цас орсон өдөр та бүхэнд юу бодогддог вэ? Ингэж нэвсийтэл цас орсон өдөр надад гунигтай ч юм шиг, эсвэл тэс өөр дүүрэн баясалтай ч юм шиг сонин мэдрэмж төрдөг. Гудамжаар ганцаараа удаан алхмаар ч юм шиг. Будран орж буй цасан ширхгийн дор янз янзын юм бодон нүүрэндээ мишээл тодруулан алхах сайхаан. Гэтэл машиндаа суугаад зам руу олны урсгалд нийлэхэд л өөрийн эрхгүй хөмсөг зангидаж, биеэ чангалдаг болохоор цасанд бас дургүй. Гэхдээ л цас орсон өдөр надад шинийг хийх их хүсэл эрмэлзэл төрдөг. Шинэхэн цасан дээр өөрийн мөрөө анх гаргаж буй жаахан хүүхэд шиг л баясаж, бүхнийг шинээр эхэлмээр, анхлан мөрөө гаргамаар ирмүүн хүслийг төрүүлдэг.

Цас ороход би дуртай.

Saturday, March 10, 2007

Баасан гаригийн шөнийн солиорол

Баасан гаригийн шөнө. Бямба гариг болоод 32 минут өнгөрч байна. Би ийнхүү блог гээчийг үргэлжлүүлэн тэрлэж суухуй дор ирээдүйн амьдралынхаа талаар бясалган суужухуй. Миний одоо бясалгаж буй ирээдүйн амьдрал маань Бямба гаригт Найрамдал зуслангийн наад талд Баянголын аманд байрлах УБ Ски цанын бааз-д очин амралтаа өнгөрүүлэн, биеийн чилээг гаргаж, адреналинаа ялгаруулан, стрессээ тайлан, орой нь Говь сауны газар очин хүчилтөрөгчийн өрөөнд нүдээ анин хэвтэх төлөвлөгөөгөөр эхлэх бололтой. Өнөөдөр нэлээд хэдэн хүний төчнөөн тэмдэглэлийг уншлаа. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй, өөр өөрийн өнгө аястай тэмдэглэл хөтөлж байна. Зарим нэг нь миний өдөржин бодоод ч олохгүй цэцэн цэлмэг үгсийг хэд хэдээр угсруулан хэрэглэж байхад нөгөө нэг нь зүгээр л өдөр тутмын амьдрал, үзэл бодлоо энгийн хар ярианы үгсээр илэрхийлж байх жишээтэй. Миний хувьд амьдрал маань яг нэг хэвийн биш ч бас янз бүр бололгүй л үргэлжилж байна. Өглөө 7-д босоод душ-д ороод, цайгаа уугаад, граш руугаа алхангаа мандаж буй нарыг ажиглан хийх ажлаа бодон, өөрөө өөртөө урам, сэтгэлийн дэм өгч, машиндаа суусан хойноо өөрийн дуртай рок, хип хоп, поп гэх мэт эсрэг тэсрэг урсгалуудаас тухайн өдөрт таарахыг нь зөнгөөрөө сонгон тавьж болох хамгийн чанга дууны түвшинд нь тохируулан боломжит дээд хурдаараа машин сүлжин ажилдаа ирнэ. Аа бас, заримдаа хороолол руу хамгийн хурдан явж болох ямар л зам байна, түүнийг сонгон хаазаа тултал гишгэж, машин сүлжин явах ч бас урамтай шүү. Энэ бүхний эцэст ажлынхаа өрөөнд ирэн, тухайн өдрийн ажлаа дэвтэр дээрээ цагтай нь төлөвлөж аваад, мэйлээ шалгасны дараа ажиллаж өгнө дөө. Яг нэг ажил хиймээр болоод онгод орсон үед ч ажлыг бол умалзуулж өгнө шүү дээ. Гэхдээ өнөөгийн Монголын хувьд бүх юмыг цаг минутаар нь төлөвлөхөд хэцүү үе бас байна. Учир нь нөгөө хүмүүс нь хамтрах тухайгаа төлөвлөөгүй бол миний төлөвлөсөн ажил хоцрох, эсвэл хойшлогдох гэх мэт хүндрэл учирч эхэлж байгаа юм даа. Ийнхүү миний ажлын өдөр эртдээ 23 цаг, дунджаар 01 цаг, оройдоо 03 цагт дуусах юм даа. Хэдэн ч цагт ажил маань дууссан өглөө нь эхэлдэг цагтаа л эхэлдэг, би ч босох цагтаа л босдог болохоор ажлын цаг тасарна гэдэг зүйл байхгүй нь даанч нэг сайхан.
Аливаа нэг өдрийн хувьд хамгийн сайхан мөч нь ямар мөч байдаг гэж та бодож байна? Миний хувьд нэг ажлыг гараасаа гаргах сайхан, түүнтэйгээ уулзахаар хороолол явах бүр сайхан, хамтдаа аль нэг газрыг зорингоо хорвоогийн элдэв явдлыг чадлынхаа хирээр шүүн тунгаан хэлэлцэж давхиж явах бүр илүү сайхан. Мэдээж энэ бүхэн аав ээжтэйгээ хамт юм ярилцангаа хоолоо идэж, санал бодлоо хуваалцан, харьд суугаа ахтайгаа утсаар ярих тэрхүү мөчүүдийг гүйцэхгүй ч миний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг юм.
Би ингэхэд яг ямар сэдвээр бичээд байгаагаа бас сайн ойлгохгүй байна. Сэтгэлээс ундран гарсан эмх замбараагүй үгсийг нэгэн цул болгож, эмхлэх гэж оролдож суугаа минь энэ.
Би сүүлийн 6 хоног маш их юм бодож, нэлээн стресстэй амьдарлаа. Энэ бүхнээ ярилцах гэтэл "завгүй байна, гадуур явж байна, өөр төлөвлөгөөтэй" гэх мэтээр firewall өмнө минь босгож байгаа учраас би бүр их зүйл бодож, шаналж байна. Удахгүй энэ бүхэн төгсөөсэй гэж залбирч байна. Саяхан болж өнгөрсөн Олон улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан Хурд хамтлагийн энэхүү цоглог дууг эмэгтэйчүүддээ зориулъя аа. Миний сонсох хамгийн дуртай дуунуудын нэг юм шүү.

Rock'n Roll

Намайг хайрлаагүй бүсгүйчүүлд баяр хүргэе
Нарт орчлонд жаргаж явахыг ерөөе
Дурлахын сайхныг та нар минь анх мэдрүүлсэн
Дуулахаас илүү жаргалтайг мэдрүүлсэн
Уйлах шахам гуниж явсанаа нуухгүй ээ, би
Унаж тусан дурлаж явсанаасаа ичмээргүй байна
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай

Намайг хайрлаагүй бүсгүйчүүлд баяр хүргэе
Нарт орчлонд жаргаж явахыг ерөөе
Ертөнцийн хүүхнүүдийн ааш аягыг анх мэдрүүлсэн
Ерөөсөө дурлал хэцүү байдгийг үзүүлсэн
Тунгалаг гэгээн хайрандаа үнэнч байж чадсан
Туяхан гоо бүсгүйн бардам аашийг би биширсэн
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Уйлах шахам гуниж явсанаа нуухгүй ээ, би
Унаж тусан дурлаж явсанаасаа ичмээргүй байна
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай

Би өөрийн дурлаж явсан, хайрлаж явсан, харж явсан, шохоорхож явсан, эргүүлэх гэж оролдож явсан, эргүүлж байсан тэр бүх бүсгүйчүүлдээ дээрх дуунд гардагчлан баярлаж явдагаа хэлмээр байна. Та нар минь байгаагүй бол би энэ хорвоогийн гоо үзэсгэлэн, сайхан бүхнийг анзаарахгүй явах байсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Мөн та бүхэн байсан учраас л би одоо амьдарч, энэ ажлаа хийж, бодож байгаа бүхнээ бодож, төсөөлж байгаа ирээдүйгээ төсөөлж байна. Энэ бүхний чинь төлөө та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та нартаа бүгдэнд чинь одоо ч хайртай хэвээрээ шүү.

Thursday, March 8, 2007

Март 8 болон түүний өмнөх өдөр

Манай Монголчууд баяр наадамд их дуртай хүмүүс юм байна. Би өмнө нь энэ тухай сонсож байсан боловч нэг их тоодоггүй байж. Харин 3 сарын 7-ны өдөр л үүнийг урьд урьдынхаас илүү мэдэрлээ, ойлголоо. Мартын 8 гэж бидний нэрлэдэг уг баяр маань "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр" гэсэн нэртэй. Гэтэл сүүлийн үед энэ баяр эмэгтэйчүүдийн баярын өдөр болж, бүр амралтын өдөр хэмээн хуульчлагдаж, эмэгтэйчүүд маань энэ өдөр эрхээ хамгаалан тэмцэж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэхээс илүү ажлын газар, хамт олон, найз нөхдөөрөө нийлэн тэмдэглэх нэрээр шоудан цэнгэж, архидах боллоо. Уг нь энэ өдөр нь анх 19-р зууны дунд үед буюу тодруулбал 1857 онд Америкийн нэгэн үйлдвэрийн эмэгтэй ажилчид өөрсдийн цалин хөлсийг нэмэх, ажлын цагийг богиносгох зэргээр эрхээ хамгаалан тэмцэж эхэлснээр түүхэнд бичигдсэн байх юм. Мөн манай Монголд энэ өдрийг эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь түлхүү тэмдэглээд байх шиг. Гадуур улаа бутарсан хацартай, дуниартсан харцтай эрчүүд тэнтэр тунтар алхан явж, үс нь сэгсийсэн, энгэр нь задгай, шүлс нь гоожсон, тэвэрт нь байгаа баглаа цэцэг нь архины үнэрт гундчихсан эмэгтэйчүүд явж байгаа харагдах юм. Арай ч дээ, эмэгтэйчүүд минь өөрсдийнхөө эрхийг хамгаалан тэмцэх өдрөө архи ууж, нөхөртөө агсан тавьж, хүүхдүүдээ айлгаж ичээн өнгөрүүлэх гэж дээ. Ингэж эрхээ хамгаалан, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэрэг үү. Уг нь бол энэ өдөр төр засгийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд өөрсдийн эрх ашгийн төлөө мэдэгдэл хүргүүлэх, эрхээ хамгаалуулахын төлөө тэмцэх, нийгэмд тустай үйл ажиллагаа буюу нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүддээ туслах, хорих ангид байгаа амьдралдаа алдаж эндсэн нэгнийгээ сэтгэл санаагаар дэмжих, засарч хүмүүжихэд нь нөлөө үзүүлэх гэх мэтээр өөрсдийнхөө дуу хоолойг бусаддаа хүргэж байх ёстой баймаар. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байх учиртай Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, төрөл бүрийн төрийн бус байгууллагууд хаачсан бэ? Сүүлийн үед энэ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг байгууллагын нэр ер дуулдахаа байлаа. Татан буугдсан бололтой. Тийм бол өөр хэн нэг сэргэлэн хүүхэн уг боломжийг ашиглан энэ холбоог дахин байгуулах боломжтой шүү дээ. Харин энэ өдөр эрчүүд бидний хувьд эхнэрээ, найз охиноо, сүйт бүсгүйгээ, ээжийгээ, эгчийгээ, дүүгээ дэмжиж, тэдгээр хүмүүстээ хайртайгаа илэрхийлж, өөрсдийн хийсэн хоол, бэлгээр баярлуулж байх хэрэгтэй юмсан.
3-р сарын 7-ны орой Улаанбаатар хотын бүх л зоогийн газар, бар, цэнгээний газруудаар суудал байхгүй, битүү хүнтэй байсан. Мөн л нилээн хэдэн эмэгтэйчүүд эрүүлжүүлэхэд очсон сурагтай. Одоо удахгүй 10 хоногийн дараа Цэргийн баяр болно. Мөн л далимдуулаад баахан архидаж, шоудах байх даа. Энэ их баяр цэнгээнээс залхаж байна шүү. Улсаа хөгжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, баялгийг бүтээх тал дээр санал санаачлага байхгүй, зөвхөн л амрах, цэнгэх сонирхолтой болсон шиг. Миний хувьд шоудах үе зөндөө байсан, хангалттай. Одоо болсон, ирээдүйгээ бодох цаг ирсэн байна. Нэг их гэгээрсэн хүн шиг байна уу, гэхдээ ингэхгүй л бол болохгүй болсон цаг шүү дээ. Ахан дүүс минь, өөрсдийнхөө төлөө, гэрэлтэй гэгээтэй ирээдүйг босгож, түүндээ амьдрахын төлөө одооноос тархиа гашилгаж, биеэ зовоож амьдарцгаая.

Tuesday, March 6, 2007

Аялгуу сайхан Монгол хэлийг хэрхэн ашиглаж байгаа тухай

За, өнөөдөр та бүхэнд амласан ёсоороо Монгол хэлийг Монголчууд хэрхэн ашиглаж байгаа тухай бичиж байна.
Өнөөгийн Монгол залуус эх сайхан Монгол хэлээ ашиглах гэж алж байна. Үгсийн сан нь тийм муу юм уу, эсвэл сэтгэхүй нь тийм хязгаарлагдмал хүрээнд орчихсон юм уу, бүү мэд. Нөхөд өө, та бүхэн дараах жишээнүүдийг хараад өөрсдийн санал дүгнэлтээ үлдээгээрэй.
Жишээ №1. Ноён Quiza гэдэг дуучны үгийг нь зохиож, Дуучин Д.Болд дуулж хит болгосон "Нүд чинь хайр харуулна" гэдэг дуу байна. Энэ дуу эхлэнгүүт л "Чиний надад хэлсэн үгний хоолойны ДУУ" гэсэн хэсэг явдаг. Та нар сайн бодоод үзээрэй. Уул нь "хоолойны өнгө" гэж баймаар байгаа юм. Дараа нь "Чиний ИНЭЭСЭН яриа чинь" гэж үргэлжлэнэ. Бас л ойлгомжгүй.
Жишээ №2. Бас Дуучин Д.Болдын дуулсан, ганцаарчилсан уран бүтээлийнх нь анхдагчийн нэг, тухайн үедээ маш хүчтэй хит болсон "Зөвхөн чам руу" гэдэг дуу байна. Дуу эхлэнгүүт "Чамайг БИ явсны дараа" гэсэн хэсэг явна. Нэлээн ойлгомжгүй өгүүлбэр байгаа юм. Зөвхөн энэ 2 жишээнээс үзэхэд өгүүлбэр дэх үгийн байрлал, өгүүлбэрийн бүтэц гэдэг зүйлийг ерөөсөө мартсан байна. Quiza зэрэг улсууд англи хэлээр ярихдаа үгийн байрлалаа иймэрхүү байдлаар сольж ярьдаггүй байх гэж бодож байна. Монголоос бусад хэлэнд ингэж байрлал сольсон тохиолдолд ойлгоход маш хэцүү, бараг ойлгогдохгүй болдог шүү дээ. Монгол хэлний яаж ч ярьсан ойлгогддог чанарыг ашиглан ийнхүү эх хэлээрээ тоглож болохгүй шүү дээ. Бас ФМ радио-н хөтлөгч нар гэж ярианы чадвар тун тааруу хүмүүс байна. Өгүүлбэр болгоныг "байгаа" гэж дуусгадаг. "Өнөөдөр манай нэвтрүүлгээр та бүхэн сүүлийн үеийн хит дуунуудыг сонсох ёстой БАЙГАА". Монголчууд аа, бид л эх хэлээ хайрлахгүй бол өөр хүн бидний өмнөөс хайрлахгүй шүү дээ. С1 телевизээр "Миний Монгол хэл" гэдэг нэвтрүүлэг цацагдаж байгааг та бүхэн үзэж байгаа юу? Энэ нэвтрүүлгээр бусад телевизүүдээр гарсан нэвтрүүлгүүдэд гарсан алдаа, улс төрчид, олны танил хүмүүсийн ярилцлага, хэлсэн үгэнд нь гарсан алдаануудыг түүж, шүүмжилдэг нэвтрүүлэг юм. Уг нэвтрүүлэг нь цаг үеэ олсон, тун хэрэгтэй нэвтрүүлэг гэж би хувьдаа тоодог юм. Мөн их, дээд сургууль төгссөн шинэ залуу ажилтнууд маань бичиг баримт бэлдэх, зөв бичих гэх мэтийн чадвар муутай байна. Сангийн яаманд ажилд орсон шинэ ажилтныг дарга нь "Албан бичиг төлөвлөөд ир" гэсэн үүрэг өгсөн чинь нөгөөх нь"Дарга аа, Word дээр бэлдэх үү, Excel дээр бэлдэх үү?" гэж асуусан тухай онигоо байдаг. Энэ мэтээр сонссон хүний чих нь улайж, санаа нь зовмоор зүйлс маш их сонсогдож байна. Ялангуяа сүүлийн 5 жилд энэ байдал хэрээс хэтэрлээ. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна? Энд саналаа үлдээвэл би их баярлах болно шүү.

Monday, March 5, 2007

Ажлын нэг өдрийн төгсгөл

Өнөөдөр шинэ 7 хоногийн ажлын эхний өдөр. Одоо Улаанбаатарт 20:40 болж байна. Өнөөдөр ч нэлээн ачаалалтай ажлын өдөр байлаа. Албаны болон амины ажлууд гэж их байна шүү.
Гадаа ямар хүйтэн байна аа, машинаа 30 минут орхиход л хөрчих юм. Гэхдээ зүгээр ээ, хурдан халчихдаг юм. Ер нь өвөл машинаа унадаггүй хүмүүсийг би гайхдаг юм. Учрыг нь асуухаар хүйтэн машинд суух гэж хэцүү шүү дээ гэсэн хариу өгдөг. Тэгсэн хэрнээ такси барих гэж бүтэн цаг гадаа зогсоод хөлдөж үхэх дөхлөө гээд байдаг. Машин халаахад 10-20 минут л болно шүү дээ. Хаанаас ч билээ, нэг сэтгүүлээс машиныг асаагаад аль болох удаахгүй хөдөлж байвал сайн, хурдан халдаг гэж уншсан санагдана. Бас нэг шалтгаан нь халтиргаа гэж тайлбарладаг. Хүн өөрөө хичээгээд зайгаа бариад болгоомжтой явахад гайгүй шүү дээ. Ер нь тэгээд хүн өөртөө тохилог, тухтай байдлыг үүсгэх гэж, ажил амжуулах гэж, бас бус олон шалтгааны улмаас машин авч унадаг гэж ойлгодог. Тийм байж түүнийгээ эдлэхгүй байх нь утгагүй хэрэг гэж би ойлгодог. Та бүхэн өөрсдийн санал сэтгэгдлээ чөлөөтэй үлдээж болно шүү.

Би хэдэн нөхөдтэйгээ оройн цагаар сууж, бизнесийн төсөл, баримт бичиг бэлдэж байгаа, сүүлийн 1 сарын хугацаанд. Эхнээсээ амжилт гарч л байна. Гэхдээ дуусах болоогүй байна аа. Ер нь шөнийн 1 цагт харих гэдэг бол хэвийнүзэгдэл болсон шүү. Бас өдөрт 5-6 цаг унтах бол хийж бүтээх ид насандаа яваа залуу хүнд хангалттай гэж ойлгож байгаа. Одоо ингээд махран зүтгэж ажиллаад, тодорхой амжилтанд хүрчихсэн байхад гэр бүлтэй болсон тохиолдолд гэртээ бага цаг зарцуулж байгаа талаар маргаан үүсэхгүй, мөн бусад зүйлст санаа зовох зүйл арай бага байх болов уу гэсэн үүднээс өөрийгөө зөвтгөж, биеэ зовоон зүтгэж байна даа. Та бүхэн энэ талаар надтай санал нийлж байгаа гэдэгт найдаж байна. Ер нь би гэр бүлийн тайван, тухлаг, хангалуун амьдралыг л хүсдэг. Тийм амьдралыг босгохын төлөө өөрийн зүгээс чадах бүхнээ хийх болно гэдгээ ирээдүйн эхнэртээ, хүүхдүүддээ амалж байна. Гэхдээ энэ нь одоо тийм биш байгаа гэсэн үг биш шүү. Одоо байгаагаасаа илүү, аав ээжийнхээ босгосон амьдралаас илүүг босгож байж л тэднийхээ санааг амар байлгана шүү дээ.
Сониноос, би ойрын хугацаанд өөрийн хувийн амьдралын алс хэтийн төлөвлөгөөгөө нэг шатаар ахиулах алхам хийхээр бэлтгэж байгаа. Бүтэмжтэй болсон хойно нь дуулгана аа. Бүтэмжгүй болвол хэлэхгүйгээр шийдсэн, ;-) Хариуг нь энэ 7 хоногийн сүүлээр хэлнэ ээ.
Үа, би ч өнөөдөр эрт харьж амарсан нь дээр юм шиг байна. Ээж минь утасдаад, ирж хоолоо ид, дараа нь ажилла гээд байна. Удахгүй Март 8 болох гэж байгаа, наана нь ямар нэгэн байдлаар санааг нь зовоохгүй юмсан гэж бодож байгаа. Өнөөдрийн ажил маань ч ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Харьж хоолоо идчихээд сайхан амарна аа.
Маргаашийн бичлэгийг бүхэлд нь орчин цагийн Монгол хэлний хөгжил, хүмүүс хэрхэн эх хэлээ буруу ашиглаж байгаа талаар зориулах болно. Та бүхэнд энэ талаар хэлэх зүйл байвал санал сэтгэгдэл байдлаар үлдээж болно шүү. Нээлттэй.

Та бүхэн сайхан амарцгаагаарай.

Start of my Blog

Dear all,

Today's Monday. When I wake up this morning and see through my room's window, there's sun rising. I remember this song "What a Wonderful World" Louis Armstrong.

За за, үргэлжлүүлье. Би өнөөдрөөс эхлээд өөрийн гэсэн блог-той боллоо. Уул нь Google дээр өөрийн гэсэн блог нээсэн ч ямар хаягтай, ямар нууц үгтэйг нь мартчихсан байна. Тэгээд л энд нээж байгаа минь энэ. Тэгээд ч бас энэ host-с нэлээн хэдэн монгол хүмүүсийн блог уншсан болохоор ер нь гайгүй таалагдаж байсан юм.

Өнөөдөр өглөө хот маань урьд урьдынхаас арай гайгүй утаа багатай байлаа. Ямартаа л дээр хэлсэнчлэн нар мандаж байгаа нь харагдаж, нарны туяаг олж харах вэ дээ. BBC Улаанбаатар хотыг маань дэлхийн хамгийн хорт утаатай хотоор шалгаруулахад МУ-ын Ерөнхий сайд М.Энхболд "BBC яагаад ингэж дүгнэх болсон талаар судлуулахаар хүнд үүрэг өгсөн байгаа, удахгүй хариу нь гарна" гэж хэлсэн байх юм. Их тэнгэрт утаа бага байдаг нь ч үнэн л байх, гэхдээ ажилдаа явах гээд ХААИС-ийн гүүрээр наашаа орж ирэхэд шууд хоолой хорсдог шүү дээ. Тэнд хонох битгий хэл уулын орой руу 3 цаг алхаад буугаад ирэхэд л хоолой хорсдог шүү д. Энэ гэр хорооллынхны байгаа орчин, гаргаж байгаа утаа гэж хэрэг алга. Цагаан сарын шинийн 1-ний өглөө тэнгэр ямар байгааг харах санаатай цонхоороо шагайсан боловч юу ч харагдсангүй. Харин ТВ-р тэнгэр хангай сайхан байлаа гэж Чойжамц хамбыг ярихыг нь сонслоо. хэ хэ, утааны талаар арай их ярьлаа. Гэхдээ л дэндүү байгаа нь үнэн шүү дээ.

Үр хүүхдийнхээ ирээдүйн талаар л одооноос санаа зовж байна. Би хүүхэдгүй л дээ, гэхдээ энэ утааны хэмжээ хүний ген-д нөлөөлөхөөр болж байна гэдгийг сонсоод маш их санаа зовж байна. Ямар нэг арга олно доо, гадна байж байгаад ирдэг ч юмуу.

Дээр англиар бичихдээ алдаа гаргасан бол уучлаарай. Би бичгийн англи хэлэндээ жаахан тааруу. Бага багаар сайжирч л байна. Уншихдаа харин гайгүй шүү. Ямар ч байсан өөрийгөө тэгж боддог юм. Юм мэддэг хүний хажууд ч ичмээр дамшиг даа.

Өглөө уламжлал ёсоор 4-р хороолол явсан боловч өнөөдөр амрахаар шийдсэн бололтой гарч ирсэнгүй. Өдөр 12 цагт утсаа асааж байна лээ. Хол газар явсан хүн жаахан амарсан нь дээр байх гэж бодож байна. Би нэг юм бодож байгаа, тэрийгээ тун удахгүй задлана аа. Surprise болж чадах нь уу, үгүй юу сайн мэдэхгүй байна. Гэхдээ гол агуулгыг нь урьдчилаад задалчихсан шахуу болохоор. ;)

За, өнөөдрийн блог-г үүгээр цэглэдэг юм уу даа. Хамгийн сүүлд хэлэхэд орчин цагийн монгол хэл гэж бас хүн ичмээр юм болох гээд байдаг. Намайг л 10 жилдээ монгол хэл үзэж байхад арай өөрөөр л заадаг байсан санагдах юм. Одооний хүүхдүүдийн бичгийн хэл, бас ярианы хэл гэж байхгүй болсон бололтой. Ер нь хүүхдүүд ч гэлтгүй надаас ганц нэг насаар ахмад хүмүүс хүртэл бичгийн алдааг байнга гаргаж байна. Манай ажилтнуудын бэлдсэн танилцуулга, албан бичиг, материалууд гэж бас л хэцүү юм заримдаа байх юм. Би монгол хэлний багш болсон бол ч боож үхэх байсан байх даа. Би энэ тухай баримттай шүүмжлэл бичнэ ээ.

За түр баяртай, болж л өгвөл өдөр болгон уулзаж байхыг хичээнэ ээ.