Манай Монголчууд баяр наадамд их дуртай хүмүүс юм байна. Би өмнө нь энэ тухай сонсож байсан боловч нэг их тоодоггүй байж. Харин 3 сарын 7-ны өдөр л үүнийг урьд урьдынхаас илүү мэдэрлээ, ойлголоо. Мартын 8 гэж бидний нэрлэдэг уг баяр маань "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр" гэсэн нэртэй. Гэтэл сүүлийн үед энэ баяр эмэгтэйчүүдийн баярын өдөр болж, бүр амралтын өдөр хэмээн хуульчлагдаж, эмэгтэйчүүд маань энэ өдөр эрхээ хамгаалан тэмцэж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэхээс илүү ажлын газар, хамт олон, найз нөхдөөрөө нийлэн тэмдэглэх нэрээр шоудан цэнгэж, архидах боллоо. Уг нь энэ өдөр нь анх 19-р зууны дунд үед буюу тодруулбал 1857 онд Америкийн нэгэн үйлдвэрийн эмэгтэй ажилчид өөрсдийн цалин хөлсийг нэмэх, ажлын цагийг богиносгох зэргээр эрхээ хамгаалан тэмцэж эхэлснээр түүхэнд бичигдсэн байх юм. Мөн манай Монголд энэ өдрийг эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь түлхүү тэмдэглээд байх шиг. Гадуур улаа бутарсан хацартай, дуниартсан харцтай эрчүүд тэнтэр тунтар алхан явж, үс нь сэгсийсэн, энгэр нь задгай, шүлс нь гоожсон, тэвэрт нь байгаа баглаа цэцэг нь архины үнэрт гундчихсан эмэгтэйчүүд явж байгаа харагдах юм. Арай ч дээ, эмэгтэйчүүд минь өөрсдийнхөө эрхийг хамгаалан тэмцэх өдрөө архи ууж, нөхөртөө агсан тавьж, хүүхдүүдээ айлгаж ичээн өнгөрүүлэх гэж дээ. Ингэж эрхээ хамгаалан, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэрэг үү. Уг нь бол энэ өдөр төр засгийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд өөрсдийн эрх ашгийн төлөө мэдэгдэл хүргүүлэх, эрхээ хамгаалуулахын төлөө тэмцэх, нийгэмд тустай үйл ажиллагаа буюу нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүддээ туслах, хорих ангид байгаа амьдралдаа алдаж эндсэн нэгнийгээ сэтгэл санаагаар дэмжих, засарч хүмүүжихэд нь нөлөө үзүүлэх гэх мэтээр өөрсдийнхөө дуу хоолойг бусаддаа хүргэж байх ёстой баймаар. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байх учиртай Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, төрөл бүрийн төрийн бус байгууллагууд хаачсан бэ? Сүүлийн үед энэ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг байгууллагын нэр ер дуулдахаа байлаа. Татан буугдсан бололтой. Тийм бол өөр хэн нэг сэргэлэн хүүхэн уг боломжийг ашиглан энэ холбоог дахин байгуулах боломжтой шүү дээ. Харин энэ өдөр эрчүүд бидний хувьд эхнэрээ, найз охиноо, сүйт бүсгүйгээ, ээжийгээ, эгчийгээ, дүүгээ дэмжиж, тэдгээр хүмүүстээ хайртайгаа илэрхийлж, өөрсдийн хийсэн хоол, бэлгээр баярлуулж байх хэрэгтэй юмсан.
3-р сарын 7-ны орой Улаанбаатар хотын бүх л зоогийн газар, бар, цэнгээний газруудаар суудал байхгүй, битүү хүнтэй байсан. Мөн л нилээн хэдэн эмэгтэйчүүд эрүүлжүүлэхэд очсон сурагтай. Одоо удахгүй 10 хоногийн дараа Цэргийн баяр болно. Мөн л далимдуулаад баахан архидаж, шоудах байх даа. Энэ их баяр цэнгээнээс залхаж байна шүү. Улсаа хөгжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, баялгийг бүтээх тал дээр санал санаачлага байхгүй, зөвхөн л амрах, цэнгэх сонирхолтой болсон шиг. Миний хувьд шоудах үе зөндөө байсан, хангалттай. Одоо болсон, ирээдүйгээ бодох цаг ирсэн байна. Нэг их гэгээрсэн хүн шиг байна уу, гэхдээ ингэхгүй л бол болохгүй болсон цаг шүү дээ. Ахан дүүс минь, өөрсдийнхөө төлөө, гэрэлтэй гэгээтэй ирээдүйг босгож, түүндээ амьдрахын төлөө одооноос тархиа гашилгаж, биеэ зовоож амьдарцгаая.
Thursday, March 8, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment