Өнөөдөр шинэ 7 хоногийн ажлын эхний өдөр. Одоо Улаанбаатарт 20:40 болж байна. Өнөөдөр ч нэлээн ачаалалтай ажлын өдөр байлаа. Албаны болон амины ажлууд гэж их байна шүү.
Гадаа ямар хүйтэн байна аа, машинаа 30 минут орхиход л хөрчих юм. Гэхдээ зүгээр ээ, хурдан халчихдаг юм. Ер нь өвөл машинаа унадаггүй хүмүүсийг би гайхдаг юм. Учрыг нь асуухаар хүйтэн машинд суух гэж хэцүү шүү дээ гэсэн хариу өгдөг. Тэгсэн хэрнээ такси барих гэж бүтэн цаг гадаа зогсоод хөлдөж үхэх дөхлөө гээд байдаг. Машин халаахад 10-20 минут л болно шүү дээ. Хаанаас ч билээ, нэг сэтгүүлээс машиныг асаагаад аль болох удаахгүй хөдөлж байвал сайн, хурдан халдаг гэж уншсан санагдана. Бас нэг шалтгаан нь халтиргаа гэж тайлбарладаг. Хүн өөрөө хичээгээд зайгаа бариад болгоомжтой явахад гайгүй шүү дээ. Ер нь тэгээд хүн өөртөө тохилог, тухтай байдлыг үүсгэх гэж, ажил амжуулах гэж, бас бус олон шалтгааны улмаас машин авч унадаг гэж ойлгодог. Тийм байж түүнийгээ эдлэхгүй байх нь утгагүй хэрэг гэж би ойлгодог. Та бүхэн өөрсдийн санал сэтгэгдлээ чөлөөтэй үлдээж болно шүү.
Би хэдэн нөхөдтэйгээ оройн цагаар сууж, бизнесийн төсөл, баримт бичиг бэлдэж байгаа, сүүлийн 1 сарын хугацаанд. Эхнээсээ амжилт гарч л байна. Гэхдээ дуусах болоогүй байна аа. Ер нь шөнийн 1 цагт харих гэдэг бол хэвийнүзэгдэл болсон шүү. Бас өдөрт 5-6 цаг унтах бол хийж бүтээх ид насандаа яваа залуу хүнд хангалттай гэж ойлгож байгаа. Одоо ингээд махран зүтгэж ажиллаад, тодорхой амжилтанд хүрчихсэн байхад гэр бүлтэй болсон тохиолдолд гэртээ бага цаг зарцуулж байгаа талаар маргаан үүсэхгүй, мөн бусад зүйлст санаа зовох зүйл арай бага байх болов уу гэсэн үүднээс өөрийгөө зөвтгөж, биеэ зовоон зүтгэж байна даа. Та бүхэн энэ талаар надтай санал нийлж байгаа гэдэгт найдаж байна. Ер нь би гэр бүлийн тайван, тухлаг, хангалуун амьдралыг л хүсдэг. Тийм амьдралыг босгохын төлөө өөрийн зүгээс чадах бүхнээ хийх болно гэдгээ ирээдүйн эхнэртээ, хүүхдүүддээ амалж байна. Гэхдээ энэ нь одоо тийм биш байгаа гэсэн үг биш шүү. Одоо байгаагаасаа илүү, аав ээжийнхээ босгосон амьдралаас илүүг босгож байж л тэднийхээ санааг амар байлгана шүү дээ.
Сониноос, би ойрын хугацаанд өөрийн хувийн амьдралын алс хэтийн төлөвлөгөөгөө нэг шатаар ахиулах алхам хийхээр бэлтгэж байгаа. Бүтэмжтэй болсон хойно нь дуулгана аа. Бүтэмжгүй болвол хэлэхгүйгээр шийдсэн, ;-) Хариуг нь энэ 7 хоногийн сүүлээр хэлнэ ээ.
Үа, би ч өнөөдөр эрт харьж амарсан нь дээр юм шиг байна. Ээж минь утасдаад, ирж хоолоо ид, дараа нь ажилла гээд байна. Удахгүй Март 8 болох гэж байгаа, наана нь ямар нэгэн байдлаар санааг нь зовоохгүй юмсан гэж бодож байгаа. Өнөөдрийн ажил маань ч ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Харьж хоолоо идчихээд сайхан амарна аа.
Маргаашийн бичлэгийг бүхэлд нь орчин цагийн Монгол хэлний хөгжил, хүмүүс хэрхэн эх хэлээ буруу ашиглаж байгаа талаар зориулах болно. Та бүхэнд энэ талаар хэлэх зүйл байвал санал сэтгэгдэл байдлаар үлдээж болно шүү. Нээлттэй.
Та бүхэн сайхан амарцгаагаарай.
Monday, March 5, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment