Saturday, March 17, 2007

Та бид чухам ямар газар амьдарч байна вэ?

Та бид чухам ямар газар амьдарч байна вэ? Та энэ талаар нэг тунгаан бодож үзсэн үү? Ингэж асуухаар юу бичих гээд ийм сонин асуулт асуугаад байна гэж бодох байх л даа. Гэхдээ өөр байдлаар асуух арга алга байна даа.
Бид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа шүү дээ. Гэтэл зарим хүмүүсийн хийж буй үйлдэл, гаргаж буй авираас харахад хогийн саван (хогийн цэг ч байж магад) дотор байгаа юм болов уу, эсвэл уурын зуухан дотор байгаа ч юм уу, эсвэл бүр галзуугийн эмнэлэгт ч амьдарч байгаа мэт санагдах юм. Яагаад ингэж бодож байгаагаа тайлбарлая л даа.
1. Хогийн сав, хогийн цэг ч байж магад. Гудамжаар явж буй хүмүүс, машин дотор явж буй хүмүүс бүгд хогоо шууд ил хаядаг. Явган явж буй хүмүүс нь бохь, чихрийн цаас, ундааны сав, шил, тамхины иш болон бусад зүйлсийг шууд замын хажуугийн цэцэрлэг рүү чулуудчихдаг. Машинтай явж буй хүмүүс нь хог хаягдлаа машин дотроо зориулалтын саванд нь биш цонхоо онгойлгоод гадагш нь хаячихдаг. Тэгээд тэр хүмүүсийг харахаар юу ч болоогүй юм шиг амгалан төрхтэй царай гаргаад л инээгээд хээвнэг явж байх юм. Та нар боддоо, бид гэртээ яадаг билээ, хогоо барьж очоод хогийн саванд хийдэг шүү дээ. Гэтэл бидний амьдарч буй нийслэл хот маань та бидний л гэр шүү дээ. Гэтэл шууд л гадаа ил хог хаяж байна. Үүнийгээ больцгооё. Заавал хотын захиргаа энэ асуудлыг шийдэх гээд л, энд тэнд хогийн сав аваачиж тавиад л, дүрэм журам гаргаад л, торгоно барина гэж айлгах хэрэг байхгүй шүү дээ. Нийслэл хотын иргэн та бид л өөрсдөө ухамсарлаж, хогоо ил хаяхгүй, түр барьж яваад л эхний тааралдсан хогийн саванд, үгүй бол халаасандаа ч юм уу авч явж байгаад л гэртээ, ажил дээр, аль нэг байгууллагад орохдоо түүнийгээ хаяж байя. Ингэвэл бид цэвэрхэн хотод амьдрахаас гадна хавар, намрын хавсарганд нүүр, толгойдоо хогийн уут углуулчих гээд явж байдгаа болино шүү дээ.
2. Уурын зууханд амьдарч байгаа юу? Өвөл, хавар намрын цагт Улаанбаатар хотод амьдрах аргагүй боллоо. Өглөө босоход битүү утаа, үзэгдэх орчин хязгаарлагдмал. Гараад явахаар хоолой хорсож, ханиаж эхэлнэ. Ажлын 8 цагийг дуусгаж амжилгүй цагаан цамцны ханцуй, зах зэрэг ил гардаг хэсгүүд нь тас хар болно. Үүнээс болж өвлийн цагт өнгөлөг хувцас өмсдөг хүн алга боллоо. Аргагүй шүү дээ, ганц хоёрхон хоног өмсөөд угаагаад байхаар хувцас яаж тэсэхэв дээ, ямар дотуур хувцас, цамц зэрэг байгаа биш. Утааны асуудалдаа эргээд оръё. Амралтын өдрүүдээр хотоос гадагш 2, 3 цагийн хугацаатай гараад хот руу орж ирэхэд шууд хоолой хорсож, нулимс гоожиж эхэлнэ. Яг нэг гал асаах гэж удаан оролдсон хүн шиг. Намайг бага байхад 3, 4-р хороолол шиг сайхан газар байдаггүй байлаа. Тасганы овоо өнгөрөөд л ороод ирэхэд гэрэл гэгээ гэж нүд гялбам гэрэлтсэн газар байдаг байсан чинь одоо битүү саарал утаа. Юу ч харагдахгүй. Осолдохгүй замаа бариад явахад зорьсон газраа хүрнэ. Энэ бүхэн юунаас болж байна вэ? Гэр хороолол гэж хүн бүхэн хэлнэ. Энэ үнэн. Амьжиргааны түвшний ялгаатай байдал, хотжих хөдөлгөөн, зах зээлийн төвлөрлөө дагаад Монгол улсын хүн амын 47 орчим хувь нь нийслэлдээ төвлөрсөн. Хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал нь социализмын үеийн орос мэргэжилтэн ах нарын тогтмол өсөлттэй төлөвлөгөө, нийслэлийн үе үеийн удирдлагуудын газрын замбараагүй наймаа зэргээс болж бүрмөсөн мартагдсан Улаанбаатар хот маань өнөөдөр дэлхийд энэ байдлаараа үлгэр дуурайл болж, архитектур, public engineering чиглэлийн сургуулиудын сургалтад давтаж болшгүй алдааны кейс, сургалтын материал байдлаар ороход гайхах зүйлгүй болж байна. Уг нь энэ утааны асуудлыг хялбархан шийдэх боломж их байгаа шүү дээ. Цахилгаан түгээлтийн асуудлыг л зөв шийдээд, шөнийн цагт хямд тарифаар түгээхэд л утааны асуудал эрс багасна. Түүнээс утаагүй зуух ч гэдэг юм уу, илчлэг ихтэй түлш гэх мэт бол үүнийг шийдэх гарц биш. Мөн бас нэг арга нь гэр хорооллын хэсэг айлууд, гудамжаараа гэх мэт бүлгээрээ нийлээд ХЗХ байгуулаад (луйврын шинжтэй, өндөр хүүтэй биш, өмнөх нийгэмд байсан шиг харилцан туслалцах хоршоо байдлаар) мөнгөө нийлүүлээд, өөрсдийн газартаа хувийн байшин бариулаад ажиллаж болно шүү дээ. Ээлж ээлжээр эхлээд нэг нь байшинтай болоод, түүнийхээ төлбөрийг бага багаар хоршоондоо төлөөд, тэрхүү хуримтлалаар нь дараагийн хүн байртай болох гэх мэт байдлаар ажиллавал маш хурдан, хялбар шийдэх боломжтой. Нийслэлээс үүнд нь ямар байдлаар оролцох вэ гэвэл хаягжилт, кодлол, төвийн эрчим хүч, усны холболтыг л шийдэж өгөх хэрэгтэй. Бусдыг нь иргэд өөрсдөө хийнэ. Миний бодлоор энэ бол хамгийн үр дүнтэй арга. Та нарт өөр санаа байвал сэтгэгдэл үлдээгээрэй.
3. Галзуугийн эмнэлэгт амьдарч байна уу? Орой бүр телевизээр улс төрийн элдэв шоу, шар сонингуудаар элдэв төрлийн үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан, мэдээллүүд, хорчин хүмүүсийн найруулсан хорны үр дүн, хордуулах үйл ажиллагааны тухай гэх мэт чих дөжирч, нүд эрээлжилмээр мэдээллүүд гарч байна. Улс төрийн элдэв шоу-г харахаар нэг бол би галзуурсан, нэг бол тэд галзуурсан гэх мэт сэтгэгдэл төрөх боллоо. Телевизийн сэтгүүлчид ч гэсэн, бүгд аль нэг намыг дэмжсэн, балиашигласан байдалтайгаар нэвтрүүлгээ ард иргэдэд хүргэнэ. Түүнийг нь сонсохоор бүр дургүй хүрч, бөөлжис цутгахыг нь яана. Одоо Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бүх телевизүүд бүгд тус тусдаа нэг намын харъяалалтай, түүнээсээ санхүүждэг. UBS, TV5, TV8, TV9, TM зэрэг нь МАХН, тэр дундаа төстэй нэртэй 3 нь бүр нэг гэр бүлийн мэдлийнх, бусад нь Ардчилсан намын лидер гэгдэх бизнесменүүдийн телевиз. Ингээд бодохоор мэдээллийн хамгийн хүчирхэг энэхүү хэрэгслийг эдгээр намууд ард иргэдийн тархийг угаах, өөрсдийгөө сурталчлах зорилгоор эзэмшиж байгаа нь тодорхой байна. Байдал ийм болохоор л ард иргэд бид чухам ямар газарт амьдраад байгаа нь тодорхой бус байна шүү дээ. Шар сонингуудын хувьд байдал бүр дэндүү. Хэн нэгний санаанаасаа зохиосон мэдээллүүд л шар сонингуудад хэвлэгдэж байна. Ямар ч баримт нотолгоо байхгүй, чанарын шаардлага хангахгүй. Жишээ нь: Таны үзэх ТВ гэдэг сонины саяхны нэг дугаарт арын нүүрэн дээр "Сая долларын үнэтэй хайр дурлал" гэсэн мэдээ байна. Түүн дээр Парис Хилтоны зургийг тавиад, дор нь "Парис Латиц. Грекийн тэрбумтны отгон охин" гээд биччихсэн байна. Дэлхийн хамгийн тэнэг, хамгийн алдартай шоучин, загвар өмсөгч, дуучин, жүжигчин, маш их мөнгөтэй энэ хүүхний талаар мэдэхгүй хүн гэж ховор байх. Ингэж бичсэнээрээ тэр сэтгүүлч, түүнийг хянасан редактор, хэвлэсэн сонин нь өөрийнхөө зиндааг илтгэж буй хэрэг. Түүнээс хойш би тэр сонинг дахиж аваагүй. Асуудалдаа эргэн оръё. Хэн нэгэн сэтгүүлчийн санаанаасаа зохиосон худал мэдээллүүд, аль нэг намын захиалгатай тархи угаах мэдээ, нэвтрүүлгүүд зэрэг нь биднийг мэдээллийн хэрэгслээр дамжуулан зомби маягийн хүмүүс болгох гэж байна хэмээн айдас төрүүлж байна. Телевизүүд нь олон нийтийн анхаарлыг татсан сонирхолтой хөгжилтэй шоу нэвтрүүлэг хийхгүй, зөвхөн гадны нэвтрүүлгийг дуурайсан, орчуулсан байдлаар гаргаж байгаа нь хичнээн ядмаг сэтгэхүйтэйг нь харуулж байна. Тэгээд бас түүнийгээ ч сайн хийчихгүй байгаа шүү. Орой үдэш гадуур явахаар согтуу хүмүүс орилж чарлан, уйлж дуулсан, хоорондоо зодолдсон, нэгнийгээ алсан, дээрэмдсэн байдалтай байх юм. Бас агуу ихийн дэмийрэлд автсан хүмүүс зурагт, радиогоор "Би бол Чингис хааны хойт дүр", "Хотынхоор нэрийг л Чингис гэж нэрлээгүйгээс бид ийм муу байдалтай байна", "Тэр хүн бол авилгалч, харин би бол насаараа төрийн байгууллагад ажиллаад цалингаасаа нэг ч төгрөг үрэхгүй хурааж байгаад, бас ах дүү нар, нутгийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр байшинтай болсон, хурдан удмын адуутай боллоо" гэх мэтээр эрүүл эсэх нь эргэлзээтэй ярилцлагууд өгч, хүмүүс тэдгээрийг нь худал гэдгийг мэдсээр байгаа хирнээ л өөр үзэх юм байхгүй болохоор аргагүйн эрхэнд үзэж, баясаж байна. Ингээд бодохоор нийслэл хот маань галзуугийн эмнэлэгтэй тун төстэй байдалтай байна.

Та бүхэн энэ талаар сайн бодож үзэцгээнэ биз дээ. Би баахан болохгүй бүтэхгүй, харанхуй саарал зүйлүүдийг л түүж аваад биччихлээ. Бухимдал төрүүлсэн бол хүлцэл өчье. Гэхдээ залуучууд бид эдгээр асуудлуудыг тодорхойлж, хоорондоо ярилцан, санал бодлоо хуваалцаж, гарсан шийдлийг нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, гартаа бүлтэй, сэтгэлдээ тэнхээтэй, зоригтой, самбаатай, авхаалжтай залуус маань хэрэгжүүлэх л хэрэгтэй шүү дээ. Ийм үүднээс л, санаа төрүүлэх зорилгоор би энэ бүхнийг бичиж байна. Та бүхнийг энэ талаар саналаа үлдээвэл өчүүхэн би тун их баярлах болно.

1 comment:

Одко said...

Shine bichleg nemne gesen yaalaa daa?