Баасан гаригийн шөнө. Бямба гариг болоод 32 минут өнгөрч байна. Би ийнхүү блог гээчийг үргэлжлүүлэн тэрлэж суухуй дор ирээдүйн амьдралынхаа талаар бясалган суужухуй. Миний одоо бясалгаж буй ирээдүйн амьдрал маань Бямба гаригт Найрамдал зуслангийн наад талд Баянголын аманд байрлах УБ Ски цанын бааз-д очин амралтаа өнгөрүүлэн, биеийн чилээг гаргаж, адреналинаа ялгаруулан, стрессээ тайлан, орой нь Говь сауны газар очин хүчилтөрөгчийн өрөөнд нүдээ анин хэвтэх төлөвлөгөөгөөр эхлэх бололтой. Өнөөдөр нэлээд хэдэн хүний төчнөөн тэмдэглэлийг уншлаа. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй, өөр өөрийн өнгө аястай тэмдэглэл хөтөлж байна. Зарим нэг нь миний өдөржин бодоод ч олохгүй цэцэн цэлмэг үгсийг хэд хэдээр угсруулан хэрэглэж байхад нөгөө нэг нь зүгээр л өдөр тутмын амьдрал, үзэл бодлоо энгийн хар ярианы үгсээр илэрхийлж байх жишээтэй. Миний хувьд амьдрал маань яг нэг хэвийн биш ч бас янз бүр бололгүй л үргэлжилж байна. Өглөө 7-д босоод душ-д ороод, цайгаа уугаад, граш руугаа алхангаа мандаж буй нарыг ажиглан хийх ажлаа бодон, өөрөө өөртөө урам, сэтгэлийн дэм өгч, машиндаа суусан хойноо өөрийн дуртай рок, хип хоп, поп гэх мэт эсрэг тэсрэг урсгалуудаас тухайн өдөрт таарахыг нь зөнгөөрөө сонгон тавьж болох хамгийн чанга дууны түвшинд нь тохируулан боломжит дээд хурдаараа машин сүлжин ажилдаа ирнэ. Аа бас, заримдаа хороолол руу хамгийн хурдан явж болох ямар л зам байна, түүнийг сонгон хаазаа тултал гишгэж, машин сүлжин явах ч бас урамтай шүү. Энэ бүхний эцэст ажлынхаа өрөөнд ирэн, тухайн өдрийн ажлаа дэвтэр дээрээ цагтай нь төлөвлөж аваад, мэйлээ шалгасны дараа ажиллаж өгнө дөө. Яг нэг ажил хиймээр болоод онгод орсон үед ч ажлыг бол умалзуулж өгнө шүү дээ. Гэхдээ өнөөгийн Монголын хувьд бүх юмыг цаг минутаар нь төлөвлөхөд хэцүү үе бас байна. Учир нь нөгөө хүмүүс нь хамтрах тухайгаа төлөвлөөгүй бол миний төлөвлөсөн ажил хоцрох, эсвэл хойшлогдох гэх мэт хүндрэл учирч эхэлж байгаа юм даа. Ийнхүү миний ажлын өдөр эртдээ 23 цаг, дунджаар 01 цаг, оройдоо 03 цагт дуусах юм даа. Хэдэн ч цагт ажил маань дууссан өглөө нь эхэлдэг цагтаа л эхэлдэг, би ч босох цагтаа л босдог болохоор ажлын цаг тасарна гэдэг зүйл байхгүй нь даанч нэг сайхан.
Аливаа нэг өдрийн хувьд хамгийн сайхан мөч нь ямар мөч байдаг гэж та бодож байна? Миний хувьд нэг ажлыг гараасаа гаргах сайхан, түүнтэйгээ уулзахаар хороолол явах бүр сайхан, хамтдаа аль нэг газрыг зорингоо хорвоогийн элдэв явдлыг чадлынхаа хирээр шүүн тунгаан хэлэлцэж давхиж явах бүр илүү сайхан. Мэдээж энэ бүхэн аав ээжтэйгээ хамт юм ярилцангаа хоолоо идэж, санал бодлоо хуваалцан, харьд суугаа ахтайгаа утсаар ярих тэрхүү мөчүүдийг гүйцэхгүй ч миний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг юм.
Би ингэхэд яг ямар сэдвээр бичээд байгаагаа бас сайн ойлгохгүй байна. Сэтгэлээс ундран гарсан эмх замбараагүй үгсийг нэгэн цул болгож, эмхлэх гэж оролдож суугаа минь энэ.
Би сүүлийн 6 хоног маш их юм бодож, нэлээн стресстэй амьдарлаа. Энэ бүхнээ ярилцах гэтэл "завгүй байна, гадуур явж байна, өөр төлөвлөгөөтэй" гэх мэтээр firewall өмнө минь босгож байгаа учраас би бүр их зүйл бодож, шаналж байна. Удахгүй энэ бүхэн төгсөөсэй гэж залбирч байна. Саяхан болж өнгөрсөн Олон улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан Хурд хамтлагийн энэхүү цоглог дууг эмэгтэйчүүддээ зориулъя аа. Миний сонсох хамгийн дуртай дуунуудын нэг юм шүү.
Rock'n Roll
Намайг хайрлаагүй бүсгүйчүүлд баяр хүргэе
Нарт орчлонд жаргаж явахыг ерөөе
Дурлахын сайхныг та нар минь анх мэдрүүлсэн
Дуулахаас илүү жаргалтайг мэдрүүлсэн
Уйлах шахам гуниж явсанаа нуухгүй ээ, би
Унаж тусан дурлаж явсанаасаа ичмээргүй байна
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Намайг хайрлаагүй бүсгүйчүүлд баяр хүргэе
Нарт орчлонд жаргаж явахыг ерөөе
Ертөнцийн хүүхнүүдийн ааш аягыг анх мэдрүүлсэн
Ерөөсөө дурлал хэцүү байдгийг үзүүлсэн
Тунгалаг гэгээн хайрандаа үнэнч байж чадсан
Туяхан гоо бүсгүйн бардам аашийг би биширсэн
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Уйлах шахам гуниж явсанаа нуухгүй ээ, би
Унаж тусан дурлаж явсанаасаа ичмээргүй байна
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Хонгорхон хөөрхөн охидын сэтгэлийн салхинд хийссэн
Хориодхон насны гэгээн өдрүүд мандтугай
Би өөрийн дурлаж явсан, хайрлаж явсан, харж явсан, шохоорхож явсан, эргүүлэх гэж оролдож явсан, эргүүлж байсан тэр бүх бүсгүйчүүлдээ дээрх дуунд гардагчлан баярлаж явдагаа хэлмээр байна. Та нар минь байгаагүй бол би энэ хорвоогийн гоо үзэсгэлэн, сайхан бүхнийг анзаарахгүй явах байсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Мөн та бүхэн байсан учраас л би одоо амьдарч, энэ ажлаа хийж, бодож байгаа бүхнээ бодож, төсөөлж байгаа ирээдүйгээ төсөөлж байна. Энэ бүхний чинь төлөө та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та нартаа бүгдэнд чинь одоо ч хайртай хэвээрээ шүү.
Saturday, March 10, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
ih goy bichleg bna. taalagdaj bnaaa
Post a Comment