Tuesday, March 13, 2007

Цастай өдөр

Өчигдөр шөнө орж эхэлсэн цас одоо хүртэл орсоор л... Энэ хавар ийнхүү 4 дэх удаагаа цас орж байна. Энэ хаврын цас урьд урьдынхаас их онцлогтой. Зөөлөн сэвсгэр, нэг орохдоо бүтэн өдөр орно, хайлахдаа удаан гэх мэт. Хаврын нар илч муутай гэдэг ч ирж буй цаг юм болохоор өдөртөө зам дээрхи цасыг хайлуулж, шалбаагтуулна. Шөнөдөө жавартай хонож нөгөө шалбаагыг нь хөлдөөнө. Өглөө нь толь шиг замаар мөлхөж өгнө дөө. Зарим нэг нь модон шаахай өмссөн Япон хүүхнүүд шиг шогшоод л, зарим нь гулгаж яваад л, машинтай хэд нь бие биетэйгээ золгочихгүйхэн шиг л мөлхөөд л. Өчигдөр орой харьж явахдаа Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын мэдээллийн самбараас "шөнөдөө цас орно, өдөртөө орохгүй" гэсэн мэдээллийг уншаад өглөө ч гайгүй байх юм байна даа гэж бодсон чинь өнөө өглөө харин сайхан нэвсийтэл орж байдаг байна шд. Тэгээд өглөө ажилдаа явахдаа нөгөө самбараа харсан чинь "өдөртөө цас орно" гэж өөрчлөгдсөн байлаа. Бодвол шөнө орох цасыг тээсэн үүл маань ирэх замдаа жаахан оройтоод үүрээр эхэлсэн болохоор өдөртөө үргэлжлэн орсоор байх бололтой. Оройтсон гэснээс, энэ их цас маань өвөл үзэгдээгүй. Шинэ жилийн баяр маань цасгүй болсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ өвөл орох ёстой байсан хэмжээгээрээ одоо орж байгаа юм шиг байна. Оройхон гараад ширүүхэн дайрна аа гэж.

Цас орсон өдөр та бүхэнд юу бодогддог вэ? Ингэж нэвсийтэл цас орсон өдөр надад гунигтай ч юм шиг, эсвэл тэс өөр дүүрэн баясалтай ч юм шиг сонин мэдрэмж төрдөг. Гудамжаар ганцаараа удаан алхмаар ч юм шиг. Будран орж буй цасан ширхгийн дор янз янзын юм бодон нүүрэндээ мишээл тодруулан алхах сайхаан. Гэтэл машиндаа суугаад зам руу олны урсгалд нийлэхэд л өөрийн эрхгүй хөмсөг зангидаж, биеэ чангалдаг болохоор цасанд бас дургүй. Гэхдээ л цас орсон өдөр надад шинийг хийх их хүсэл эрмэлзэл төрдөг. Шинэхэн цасан дээр өөрийн мөрөө анх гаргаж буй жаахан хүүхэд шиг л баясаж, бүхнийг шинээр эхэлмээр, анхлан мөрөө гаргамаар ирмүүн хүслийг төрүүлдэг.

Цас ороход би дуртай.

No comments: