Friday, January 2, 2009

2009 онд биднийг юу хүлээж байна вэ?

Шинээр эхэлж буй 2009 онд та биднийг юу хүлээж байна вэ?

Энэ асуултанд тодорхой хэмжээгээр хариулахыг хичээе.

1. Ойрхи Дорнодын бүсэд болж буй дайны үргэлжлэл. Израйлаас Палестинд зарласан, эхлээд хэд хонож буй энэ дайн нэлээн хугацаанд үргэлжлэх болов уу. НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын юу гэж хэлэх, уриалах нь бидэнд хамаагүй, улсын дотоод хэрэг гэсэн байр сууринаас Израйлын тал хандаж байгаа нь ингэж бодоход хүргэж байна. Гэхдээ энэ дайн нь нефтийн үнэд нөлөөлж чадахгүй байна, одоогоор. Удах тусам ямар үр дүн авчрах нь тодорхойгүй.

2. Санхүүгийн хямралын үргэлжлэл. Энэ жилийн хагас хүртэл үргэлжлэнэ, Хавар буюу 3-5 дугаар сарын үед жинхэнэ ид шидээ үзүүлэх байх гэсэн хүлээлтийг ихэнхи шинжээчид, эдийн засагчид гаргаад байгаа. Манай улсын хувьд одооноос валютын нөөцийн тодорхой хувийг евро, иен, юаны хэлбэрт шилжүүлээд, түүгээрээ энэ зуныхаа бүтээн байгуулалтыг хийх нь тодорхой хэмжээний ашигтай байх болов уу. Зам тавих, барилга барих гэх мэтэд угаасаа хятадуудыг ажиллуулдаг, хятадаас түүхий эдээ оруулж ирдэг юм чинь одоо хямд юань аваад хадгалчих нь хэрэгтэй байх. Их олон хүмүүс ажилгүй болж, хямд ажиллахад бэлэн болж байна, дэлхий даяар.

3. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль. 6 дахь удаагийн энэ сонгуулийн дүн нэг л тодорхой биш байна. Уг нь өмнөх сонгуулиудаас харж байхад өдийд нэр дэвшигч нь бараг тодорхой болчихсон, хэн ялах нь бараг тодорхой байдаг байсан. Гэхдээ манайх шиг Ерөнхийлөгчийн эрх мэдэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан халдаж, билэг тэмдэг дээр нь бүр нэрийн төдий болгочихсон улсад Ерөнхийлөгчийн хийж гүйцэтгэх зүйл бага.

4. Төгрөгийн ханшийн уналт. Энэ 2009 онд Монгол төгрөгийн ханш тодорхой хэмжээгээр унах болов уу. Харин Монголбанкнаас валютын нөөцийн бодлого, төгрөгийн ханшийн бодлоготоо дорвитойхон шиг томоохон өөрчлөлт хийж, түүнийгээ зөв хэрэгжүүлж чадвал төгрөгийн ханш унахгүй, улам чангарч ч магадгүй. Өнөөдөр Монгол улс зөвхөн ам.доллар биш, евро, юань ашиглан гадаад төлбөр тооцоогоо гүйцэтгэж байгаа болохоор валютын нөөцийг түүгээр хадгалаад байх нь тохиромжтой бус байх. Судалгааны арга зүйгээ ч өөрчлөх хэрэгтэй байх.

5. Эрүүл мэндийн доройтол. 1990-ээд оны эхээр ихэнхи орон сууцнууд нь халаалтгүй шахам байсан, хүнсний хомсдолтой байсан, сүүлийн 10-аад жил Нийслэлийг бүрхэж байгаа хорт утаа зэргээс Монгол улсын хүн амын тал хувийнх нь шахуу эрүүл мэндийн байдал ихээхэн доройтсон. Өнөөдөр эмнэлгүүдээр явж үзэхэд, амьсгалын замын өвчтэй, үе мөчний өвчтэй, зүрхний өвчтэй, тархины даралт, саажилт гэх мэт өвчнүүд өндөр хувьтай байна. Эдгээр нь утаа, витаминий дутагдал, даарснаас гэх мэт шалтгаанаас үүсдэг өвчнүүд. Ийм өвчтэй, өвчин нь хүндэрсэн хүмүүсийн тоо улам л ихсэх байх.

Үргэлжлэлийг дараагийн удаад...

1 comment:

Одко said...

Hey, good to see you, writing. You've got some freetime for you, right? Anyway, keep publishing amigo!