Monday, August 20, 2007

Ханиад, бас бус зүйлс ...

Зиак, ингээд 2 бүтэн өдөр гэрээсээ гаралгүй, орноосоо өндийлгүй ханиаданд дарлуулж хэвтэж өнгөрөөлөө дөө, хөөрхий гэж. Хаанаас нь ч тэгж их нойр гардаг юм, унтаад л, унтаад л. Уг нь нөгөө өдөрт 5-6 цаг унтахад л хангалттай байдаг байсан хүн сая 2 хоногт харин 5-6 цаг л сэрүүн байх шив дээ. Хамар битүүрээд Галазолин, нусны алчуур, салфетка хармаалаастай. Байнга л ханиалгаастай. Хэцүү байна шүү. Хэд хоног эрчимтэй эмчлэхгүй бол, өмнө нь хэд хоног зүгээр болчихоор нь эдгэчихлээ гээд яваад байсан чинь хууртагдаж орхиж. Ханиадны вирус гуайг өөрийг нь антибиотик тусгаж байж сална даа.
Өмнө нь бичиж байсан Билл Гейтс-ийн “Сэтгэлгээний хурдтай бизнес” номыг уншаад дуусгачихсан. Талаас нь хэтрүүлчээд уншилтын хурд удаашраад л, долоо хоногт 3-6 хуудас гэх мэт. Тэгж байгаад нэг эрчимтэй барьж аваад дуусгалаа. Дундуур нь даанч ажил ихтэй байсан болохоор ингэж удаан уншсан хэрэг л дээ. Одоо бас нэг шинэ ном аваад уншиж эхэлсэн. “Хүчирхэг компанийг хэрхэн босгох вэ?” гэдэг ном. Энэ номыг харин эрчимтэй уншиж байгаа. Талд нь оруулчихсан байгаа. Энэ номын талаар төрсөн сэтгэгдэл гэвэл: Шинэ бизнес эхэлж байгаа, удирдах албан тушаалд очиж байгаа, удирдах албан тушаалд ажиллаж байгаа, стратеги удирдлага, удирдахуйн ухааныг сонирхон суралцаж байгаа, судалж байгаа, карьер ахихыг хүсэж байгаа гэх мэт хүн бүхэн уншихад илүүдэхгүй, өөрийн зүгээс санал болгох номын нэг. Уг номонд: байгууллагын удирдагч хүн ямар байх ёстой, байгууллагын хэтийн зорилт гэж юу вэ? Түүнийг тодорхойлох нь хэр их ач холбогдолтой талаар, мөн хэрхэн тодорхойлох, стратеги төлөвлөлт гэж юу вэ? Байгууллагын үнэт зүйлс, баримтлах зарчим гэж юу вэ? Дэлхийд болон улсдаа алдаршсан компаниудын жишээ, удирдагчдын хэлсэн үгс гэх мэт зүйлсийг багтаасан байна.
Өмнө дурдсан Билл Гейтс-ийн номын талаар гэвэл, уг ном нь өнөөдөр зөвхөн мэдээллийн технологийн бизнес эрхлэгч, ажилтнууд биш төрийн байгууллага, оюутнууд, хувийн хэвшлийнхэн, эрүүл мэнд гээд л бүх л салбарын хүмүүс зайлшгүй унших ёстой ном гэж би бодож байна. Уг ном нь хэдийгээр 1999 онд хэвлэгдсэн ч түүнд дурдагдсан ихэнхи зүйлс, санаанууд нь одоо л олон нийтэд өргөн хүртээмжтэй болж, хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч байгаа нь уг номын зохиогчийн оюуны чадавхи, алсыг харсан бодлого нь хэр гайхалтайг илтгэж чадах байх. Чухам өнөөдөр л олон нийтэд илүү хүртээлтэй болж буй электрон худалдаа, электрон засаглал, зайн сургалт, байгууллагын дотоод мэдээллийн урсгалын тогтолцоо, түүнийг үр ашигтай ашиглах гэх мэт санаанууд нь аль 8-9 жилийн өмнө тэр хүнд бодогдсон, төлөвлөгдчихсөн байсан гэхээр бас л гайхалтай. Юутай ч та бүхэн өөрсдөө энэ номыг уншаад үз. Уг нь 3 цуврал ном шиг байна лээ. Монголоор эхнийх нь гарсан байсан. Сүүлийн 2-г нь англиар олж аваад уншихаар төлөвлөчихсөн байгаа.
Сүүлийн үеийн иймэрхүү орчуулгын номнуудыг уншаад байхаар манай орчуулагчид болон хэвлэлийн компаниуд доторхи найруулга, өгүүлбэр зүй, алдааны тал дээр ихээхэн дутмаг ажилладаг юм уу даа гэсэн бодол төрсөн. Мэдээж, хийсэн хүн нь өөрөө шалгахаар алдаагаа тэр болгон бүрэн ажигладаггүй, олж засдаггүй байх. Харин номын редактор, хэвлэлийн эх бэлтгэгч гэх мэт хүмүүс нь давхар давхар засаж, хэвлэлд бүрэн бэлэн болсон хойно нь бас нэг шалгагч ажилтан түүнийг нарийн уншиж, засаж байвал номын чанар илүү сайжирч, борлуулалтад ч сайнаар нөлөөлөх учиртай. Ингэхгүй бол хүмүүс өөр хоорондоо: “Энэ ямар ном байна? – Уул нь дажгүй юм шиг байна лээ, гэхдээ орчуулга нь жаахан тийм, нэлээн уншиж байж ойлгохоор байсан. – Аан за за, тэгвэл яахав. Өөрийг үзье” гэх мэтээр номын үнэлэмжүүд хувь хүмүүсийн харилцаанын түвшинд тархана. Ялангуяа орчуулгын номнуудын хувьд энэ байдал нь маш их нөлөөлнө.
За, баахан хадуурчих шиг боллоо. Ойрд Улаанбаатар хотод бороошоод, намрын уйтгартай саарал өдрүүд эхлэх гээд байх шиг байна. Уг нь энэ борооны ядаж тал нь 5, 6-р сард орсон бол зуншлага сайхан болж, ирэх өвөл яана даа гэж толгой өвтгөхгүй байх байж дээ.
За одооноос л өвлийн бэлтгэлээ сайн хийж эхлэхгүй бол ч юу юугүй л өвөл хүрээд ирнэ шүү. Нэг л мэдэхэд намар болж байгаа шиг. Яарч сандарч, их мөнгө зарцуулж байхаар, эртхэн бэлдээрэй.
За, ирж буй шинэ 7 хоногийн ажилд тань өндөр амжилт хүсэж, өөрийн амьдралын туршид дурсагдах их зүйлийг хийж бүтээгээрэй гэж хүсье.

No comments: