Sunday, April 29, 2007

Машингүй өдөр

Өнөөдөр Улаанбаатар хотод автомашингүй өдөр болгон зарласан бөгөөд одоо Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, Сансарын туннелиэс Гэсэр сүм хүртэлхи 2 замыг бүрэн хаасан байна. Хүүхдүүд дугуй унаад л, хүмүүс алхацгаагаад л. Нэг л өөр орчин, өөр мэдрэмж төрж байна. Би сая 13-р хорооллоос буюу гэрээсээ МТҮПарк хүртэл алхаж ирлээ. Ойрын үед ингэж алхаагүй, сайхан л байна. Харин энэхүү ажлыг эсэргүүцэж байгаа, үл тоож байгаа нь ойлгогдохгүй ухамсар муутай хүмүүс бас байдаг юм байна. Сая наашаа ирж явтал Орчлон хотхоны хажуугийн шороон замаар нэг жижиг жиптэй 2 хүүхэн ирснээ замын цагдаад энүүхэн Скай их дэлгүүр орох гэсэн юм, машинтайгаа орчихъё энэ тэр гээд баахан юм ярьдаг байна шд. Тэгсэн нөгөө цагдаа нь оруулчихаж байгаа юм. Уг нь тэр замын 2 талаар эзэд нь Скай орсон байлгүй, баахан л машин зогсож байсан. Ойлгохгүй юм даа. 300 метр хүрэхгүй газар машинаа тавиад л дэлгүүр орчиход эв эрүүл, баян цатгалан тэр 2 хүүхэнд эрүүл мэндэд нь л хэрэгтэй баймаар. Бусад машиныг нь хашиж зогсоочихоод тэр 2-г оруулчихаж байгаа цагдааг ажлаа сайн хийж байна гэж үзэх үү, эсвэл... Энэ ажилтай хамтруулаад хийчихэж болох олон ажил байсансан. Жишээ нь, зарим нэг замын жижиг сажиг эвдрэлүүдийг засварлах, төв замын дагуух хогыг цэвэрлэх, гэрлэн дохионы тохиргоо тааруулах гэх мэт. Уг нь нэг ингэж зам хаасных, эдгээрээс гадна өөр бусад ажлуудыг хамтад нь зохион байгуулсан бол илүү үр дүнтэй болох байсан болов уу.

Өчигдөр нэг шинэ сэтгүүлийн нээлтийн ажиллагаанд очлоо. UPTOWN гэдэг сэтгүүл. Өмнө нь KISS гэдэг охид залуучуудын сэтгүүл байсан, түүнийг Magic Kiss агентлагаас эрхлэн гаргадаг байсан бөгөөд С1 телевизийнхэн нэмэлт хөрөнгө оруулалт хийн, шинэ нэр өгч шинээр гаргаж эхэлж байгаа юм байна. Хуучин эрхлэгч н.Уянга нь тодорхой хувь эзэмшиж үлдэн, давхар эрхлэгчийн ажлаа хийх юм байна. Нээлтийн ажиллагаа гэж зүгээр л парти болоод өнгөрлөө. Уг нь сэтгүүлээ танилцуулж, ямар ямар давуу талтайг нь дурдаж, бас бус юм зохион байгуулсан бол сэтгэл ханамж илүү байх байлаа. Гэтэл хэдэн хамтлаг дуучид дуулж, загварын хэдэн охид гунхаж, эрхлэгч нь хэдэн үг хэлснээс өөр юм болсонгүй. Тэгээд уригдсан хүмүүс нь Улаанбаатар хотын аль гайгүй гэсэн шоучин залуус байлаа. Энэхүү парти нь сар болгон зохиогдох төлөвлөгөөтэй юм байна.

Уг сэтгүүлийн хувьд 150 хуудас буюу 300 нүүртэй, нэг талдаа UPTOWN, нөгөө талдаа KISS гэсэн нэртэй гарч байгаа юм байна. Сэтгүүлийн теле-реклам нь уг сэтгүүлийг уншсан эхнэр/нөхөр нь амтад нь орж нөхөр/эхнэрээ мартдаг л гэсэн утгатай хийгдсэн байлаа. Би энэ сэтгүүлийг уг нь тэр өдөр нь худалдаж авсан боловч тэнд байсан нэг найздаа өгөөд явуулсан болохоор уншиж үзээгүй байгаа болохоор доторхи мэдээллийнх нь хувьд хэлчих санаа оноо алга даа.

Өчигдөр бас ганц нэг ном худалдаж авлаа.

1. Дональд Трамп - Наймааны урлаг
2. Хэрхэн СЕО болох вэ? Монголын Лектор төвийн орчуулга.

Ойрд их завгүй байгаа болохоор ТВ үзэхгүй, шар сонин уншаагүй, тархи гайгүй цэвэршиж байна. Тэгээд одоо ажлаа тараад гэртээ харихаараа ТВ-н хэрүүл, шар сонингийн бохир мэдээг уншихгүйгээр ном уншиж, сэтгэлгээгээ өргөжүүлэх талын юм бодохоос. За за, ажлаа бодъё. Түр баяртай.

No comments: