Wednesday, April 25, 2007

Завгүй өдрүүд үргэлжилсээр л...

Сүүлийн хэдэн өдөр над шиг завгүй хүн байхгүй байх гэж бодогдтол ажиллаж байна шүү. Энэ хэдэн өдөр хийсэн ажлуудаа бодоод үзсэн чинь 10 орчим төрлийн ажил хийсэн байна шүү. Зурагчин, зургийн дарга, радиогийн найруулагч, банкны ажилтан, компаний захирал, хуульч, орчуулагч, туслах ажилтан, жолооч, нягтлан бодогч, график дизайнер, редактор бас мэдээж блогчин. :D

Сүүлийн хэдэн өдөр хийсэн ажлуудаас ФМ радиогийн нэвтрүүлгүүд маань гайгүй болж байна гэж үзэж байгаа. 7 хоног болгон 2 удаа тогтмол явуулж байхаар болсон. Мэдээж би хөтлөхгүй л дээ, гэхдээ зохиолыг нь хальт гаргаж, мэдээллүүдийг нь бэлтгэж өгч байгаа юм. Аан, мэдээж төлбөрийг нь төлж байгаа, хэ хэ.

Бас С1 телевизтэй компанийхаа шугамаар хамтран ажиллаж байгаа, тэр нэвтрүүлэгт би бас график дизайнер, редактор маягийн ажил хийж өөрийн хувь нэмрээ оруулсан гэж хэлж болох байх.

Бас гадаадын нэгэн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм байна. Энэхүү хамтран ажиллах гэрээг анх англиар боловсруулсан бөгөөд түүний орчуулга нь гэж хэл мэдэхгүй хүн үг үгээр нь холбон найруулсан юм шиг орчуулга байсан бөгөөд түүнийг засварлах, гэрээний хэлбэрт оруулах гэж залуу насны идэвхитэй амьдралынхаа нэлээн хэдэн цагийг зарцууллаа. Тэгснээс бараг эхнээс нь шууд орчуулсан нь хялбар байсан ч юм шиг.

Манай банк өөрийн нэрийн олон улсын Виза төлбөрийн картыг зах зээлд гаргах гээд би бас сүүлийн хэд хоног их завгүй байгаа. Учир нь би энэ ажлыг бүрэн хариуцаж байгаа болохоор. Та бүхэнд картын бизнестэй холбоотой сонирхолтой мэдээллүүд байвал надад илгээвэл би их баярлана шүү. Энэ чинь бас Монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд, бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх ажилд ч маш их хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Энэ мэт маш их ажлыг энэ хэдэн хоногт амжууллаа. Зарим өдөр клоны аргаар хүн хувилж олшруулдаг компаниар үйлчлүүлэх юмсан гэж хүртэл дэмий балай бодол үе үе орж ирэх юм. Энэ бодол төрөхөд мэдээж манай хотын замын бөглөрөл өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ажил ихтай, яарч явахад бөглөрчихнө, 5 милийн хурдтай урагшилна, Эксел, Аксент, Микробусууд нь урдуур дайрна, хажуугаар чихнэ, явган хүмүүс нь гэрэл дохио рүү нүднийхээ булангаар ч харалгүй шууд л чигээрээ дайрна гээд л хүндрэлтэй асуудлууд их шүү.

Өнөөдөр өглөө харин маш их таалагдсан нэг зүйл харсан нь тусгай формтой, “Зогс” гэсэн бичигтэй дарцаг барьсан хүмүүс явган хүний гарцны хажууд зогсож, машин болон хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Орой ажил тараад явж байхад хүртэл тэр хүмүүс зогсож байна лээ. Энэ байдал маш их таалагдсан. Энэ зуныг дуустал ийнхүү зохицуулбал хүмүүс гарцаар, гэрэл дохионы дагуу гарч сурах болов уу гэж мөхөс би мөчидхөн ухаандаа төсөөлөн бодож байнам.

Сүүлийн үед Улаанбаатар хотод маань метро барина гэж дуулдах боллоо. Яаж ийгээд ямар нэгэн аргаар мөнгө босгоод энэхүү метрог бариад ашиглалтад оруулчихвал Нийслэл хотын маань хөгжилд жинхэнэ зууны бүтээн байгуулалт болно доо. Дээр нь бас давхар зам, хурдны зам тавьчихвал ч...

Улаанбаатар хотод маань 2-3 хөндлөн хурдны зам байхад л нэлээн хэдэн жилийг ардаа хийнэ дээ. Гол гол түгжрэл үүсдэг замуудын дээр давхар зам тавиад, зарим нэг замыг өргөсгөчихвөл сайхан даа. Гэхдээ замын цагдаагийн газрын нэг хариуцлагатай нөхрийн хэлж байснаар хот төлөвлөлтийн буруу бодлогоос давхар зам тавих боломжгүй болсон, зай байхгүй болсон нь ч үнэн л дээ. Гэхдээ л 100 айлын замыг тавьсан шиг зарим нэгэн хуучин байшингуудыг зоригтойгоор газарт оруулж хотын хөгжлийн төлөө үр дүнтэй алхам хийвэл бүгд л дэмжинэ шүү дээ.

Хэдийгээр хавар болоод романтик улирал дундаа орж байгаа ч Улаанбаатарын хаврын шороо гэдэг том даваа тулгарч байна. Энэ бүх асуудлыг уул нь гайгүй зохицуулах боломжтой юм шиг санагдаад байгаам даа. Яаж вэ гэвэл, зарим нэгэн замын хажуудах шороон хэсгүүдийг машин зам руу нь нэгтгэж замыг өргөтгөж, мөн төв замын хажуу дах хэсгүүдийг чулуу, үхмэл шорооноос нь цэвэрлэж, сайн услаад, өвөл, хаврын улиралд торон бүтээлгээр бүтээчихвэл зүлэг нь дороо ургаад, зүлэггүй үед шороо босох нь эрс багасна гэж л тооцоод байгаам даа. Манай нийслэлийн удирдлагууд мэргэн ухаандаа энэ талаар тунгааж байгаа гэдэгт найдаж байна. Туршлага судалж байна гээд л Азийн хэдэн хотоор нэлд нь зугаалж, татвар төлөгчдийн мөнгийг үрж байгаа хүмүүс энэ зэргийн юмыг хараад, бодчихсон байгаа гэдэгт итгэлтэй байхыг хичээж байна.

Ойрын үед Эрээн хотод хашигдсан, хятад нөхрөөсөө зугтаж ирсэн хэдэн хүүхнүүд нутагтаа нэвтэрч чадахгүй байгаа тухай, хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын жагсаал гэх мэт шуугиант мэдээллүүд ихээр цацагдаж байна. Энэ бүх үйл явдалд голлон эмэгтэйчүүд л холбогдсон байгаа нь Монголын төрөл бүрийн эмэгтэйчүүдийн байгууллагуудын анхаарлыг огтхон ч татахгүй байна гэдэгт итгэхгүй юм. Гэрэлсүрэн гэдэг эмээгийн тэргүүлдэг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо, Эх Оронч Эмэгтэйчүүдийн Холбоо гээд л зөндөө л байсан санагдах юм. Одоо болохоор бүгдээрээ таг чиг. Татан буугдсан гэж л дуулдаагүй шиг... Эсвэл зөвхөн гишүүдийнхээ төлөө тэмцдэг, гишүүн бус эмэгтэйчүүдийн асуудал огт хамаагүй байдаг юм болов уу? гэхдээ л Монголын Эмэгтэйчүүдийн холбоо л бол МЭХ шүү дээ, ямар нэгэн авиа ч болтугай гаргамаар юм. Хажууд нь бусад холбоонууд хамаагүй амьд байх юм.

За за, дараагийн удаа арай сонирхолтой мэдээлэл бичихийг хичээнэ ээ. Нэг бичихээрээ дандаа л хар юм биччих гээд байх юм. Та бүхэнд амжилт хүсье.

2 comments:

Pearle Deppsu said...

Ёстой л завгүй хүний үгс байна даа.

Gantulga U said...

To Pearle Deppsu,

Баярлалаа, харин ойрд завгүй байгаад байдаг. Тэгсэн хэрнээ үдээс хойш лазан хөдлөх гээд байдаг, их л хачин синдром тусаад байна даа.