Sunday, July 8, 2007

Эргээд ирлээ...

Сайн байцгаана уу, миний хайт блог минь, эрхэм хүндэт зочид минь.
Хэд хоног үзэгдэхгүй, таг чиг алга болсныг минь уучлаарай. Сүүлийн 2 сарын хугацаанд маш их ажилтай байлаа. Цухас дурдахад, манай банкны шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн болж байна, бас өөр нэг манай шинэ үйлчилгээ зах зээлд нэвтэрчихлээ, бас энэ хугацаанд Сингапур улсад хэд хоног аялаад, нэлээн их юм үзэж, суралцаж байгаад ирлээ гэх мэт үр дүнтэй ажил их хийгдлээ.
Гадны орнуудаар явж, тэдний амьдрал, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байхад Монголд бизнесийн орон зай маш их байгаа нь харагдаж байна. Болж өгвөл, бүгдийг нь хийчих санаа байвч хүн өөрийн чадна гэсэн, эсвэл тодорхой хэмжээгээр мэддэг салбар руу л дайрах нь зүйтэй гэж боддог болохоор зарим нэг бизнесийн санааг тархиныхаа мухар луу эргэн хандах зорилготойгоор архивт хийчихээд л явж байна.
Бас манай энэ улс төрчид гадаад, дотоодоор их л явж, туршлага судалж байна, тойргийн амьдрал ахуйтай танилцаж байна гээд л байх юм. Тэдгээр улсуудаас сурах юм их байна шүү дээ, зүгээр л нүдэнд харагдаж буй тэрхүү энгийн зүйлсийг тоодоггүй юм уу, эсвэл яадаг юм бүү мэд, нөхөд өө, энэ улсууд чинь тэдгээр жижиг зүйлсээс л эхлээд улс орноо хөгжүүлж байна, болдог юм байна, сурмаар юм байна. /за за, хүн дуурайх гэж оролдох ч яахав/ Манай нэг улс төрч 4 жилийн сонгуульт хугацаандаа 460 гаруй сая төгрөгөөр гадаад томилолтонд явсан байна гэж байсан. Хайран мөнгө, ингэж яваад тодорхой олсон юм байхгүй бол, 10-15 залууг гадаадад бүрэн тэтгэлэгтэйгээр сургачих мөнгийг ингэж үрэх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
Нисдэг тэрэгний осол боллоо, хариуцлагатай өндөр албан тушаалтангууд бүгд л өөрсдийгөө өмгөөлж, зөөлөн сандлаа авч үлдэх гэж хичээж худлаа ярьцгаалаа. Бүгдийнх нь ам хоорондоо зөрж, баригдахаараа минчийж улайгаад зугтах юм. Энэ бүхэн одоо цагийн эрхээр мартагдаж байна даа, гэхдээ л ард түмэн дараагийн сонголтоо хийхдээ сайн бодно биз гэж найдаж байна.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ерөнхий мэдлэгийн шалгалт болж өнгөрлөө. Өмнөх жилүүдийг бодвол, хэрүүл маргаан харьцангуй бага, зохион байгуулалт ч гайгүй болж өнгөрөх шиг боллоо. Харин дараа нь их, дээд сургуульд элсэх гэж яг хуучин аргаараа үзэж байх юм. Сургуулиудын гадаа хоноод л, өдөржин халуун наранд дараалалд зогсоод л. Их, дээд сургуулиуд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь болсон баймаар юм.
Нийгэм их бухимдалтай, бараан байна. Хоол хийсэнгүй гэж эхнэр рүүгээ буцалсан халуун ус цацсан, хамт архидаад нэгийгээ хөнөөсөн ах дүүс гэх мэт бол энэ нийгмийн тод үр дүн юм. Улс төрчид өө, хэрүүлээ больж, улс эх орныхоо төлөө ямар нэг юм хийгээч ээ, эхлээч ээ. Ингэхгүй бол та нарын үр хүүхдүүд ийм л нийгэмд амьдарна, аж төрнө. Тэднийхээ ирээдүйн амьдралын төлөө энэ нийгмийг өөрчлөхийн төлөө ажиллахгүй бол та нарын хулхидаж, луйвардаж, зальдаж, дээрэмдэж бас өөр аргуудаар олж авсан тэр их мөнгө чинь ямар ч нэмэргүй шүү дээ. Галзуугийн эмнэлэгт хэвтэж буй саятнаас ялгаагүй л болно шүү дээ.
Хэхэ, алга болж болж орж ирэнгүүтээ баахан хар туяа цацруулчихлаа. Одоо сайхан өнгөлөг, гэгээлэг зүйл бичье.
Бидний нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өнгө зүсээ засаж байна. Олон газар шинэ өндөр барилгууд баригдаж, нэг үеэ бодвол албан байгууллага, хувь хүмүүс орчны тохижилтод анхаарч эхэлж байна. Аа гэхдээ, бас буруу юм байна аа. 10 алхмын зайд 2 зэргэлдээ оршиж буй байгууллага байна. Нэгнийх үйлчлэгч өглөө болгон гадаах цэцэрлэгээ усалдаг, нөгөөх нь тэр талаар бодохыг ч хүсдэггүй. Энэ нь зуны улиралд бүхний нүдэнд ил харагдаж эхэлж байгаа юм. Өглөө болгон усалдаг газрын гадаа цэцэрлэг бол ойлгомжтой, маш сайхан ногоон, шороо босохгүй байхад нөгөө байгууллагын гадаа цэцэрлэг нь шороо пургисан, захаар нь шарилж ургасан байх жишээтэй. Тэрийгээ ямар байдлаар тайлбарладаг вэ гэвэл хүмүүс дээгүүр нь яваад өвс ургахгүй байна гэж. Миний ажигласнаар хүмүүс өвс ногоо ургасан газар байхад дээгүүр нь явахаасаа аль болох зайлсхийдэг болсон байна, харин ургахгүй байгаа хэсгээр бол шууд явдаг. Эндээс дүгнэхэд сайхан тордоод ургуулаад янзалсан цэцэрлэг дээгүүр барагтай бол хүн явахгүй, тиймээс хүн бүр хичээвэл хот маань ногоон хот болох боломжтой. Ийм болсны сайн үр дагаврыг хэлээд баршгүй. Ядаж л шороо шуурдаг нь багасна шүү дээ. Тиймээс бүгдээрээ гэрийнхээ гадаа, эсвэл байгууллагынхаа гадаа хэсгийг тохижуулахыг хичээе. Сайхан орчинд ажиллаж амьдрах сайхан. Хамгийн багадаа л ажлын завсарлагаараа гадаа гарч салхилах боломжтой болно.
Аль хэдийн 7-р сар гарч, 2007 он талаасаа өнгөрлөө. Өнөөдрийн энэ байдлаас эргээд нэг харахад маш хурдан хийж амжуулсан зүйл ч байна, өөрөөсөө болон бусдаас шалтгаалаад маш удаан хийгдэж байгаа ажил ч бас байна. Энэ бүгдээсээ дүгнэлт хийгээд, цаашдаа энэ байдлаараа байж болохгүй гэдгийг л ойлгож байна даа.
Сая хэд хоног блог бичих нь завтай хүний ажил гэж боддог болж эхэлж байсан ч ажлын дундуур эсвэл орой өөртөө жаахан зав гаргаад бодол санаагаа бусадтай хуваалцвал илүү хэрэгтэй мэт санагдаж байна. Тиймээс одоо аль болох блогтоо зав гаргана аа.

6 comments:

Anonymous said...

ter luivarchin, hulgaich bolson humuus huuhduudee ireeduid mongold bailgah sonirholgui l baigaa biz dee. tiimees tedend mongol yaah iih ni yamarch hamaaralgui. harin bolomj baigaa deer ahiuhaniig oortooo zavshihiig hicheeh ni arga ch ugui biz dee.

sayhan Toriin Umchiin Horoonii darga asan Sugar guain yariltslagiig unshsan chin manai tom ohin Australia-d surch baigaad tendee ajillahaar bolson gesen bsan. ene bi hunii huviin amidraliin hov jiv yarih gesengui. gehdee fact ni bol tednii tom ohin ni / tanihiin huvid / surlaga, hicheeliin huvid mash muu bsan. tegeel ooriin ner noloo, luivardsan mongoo ashiglaad l yavuulaad tend ni shingeej baigaa baih. yur ni l ihenhiinh ni ger bul end tend baigaa baihaa. mongold barag nuuts amragtaigaa amidartsgaadag biz hahaha.


bi ooroo iim niigemd bsaar baigaad galzuurch baih shig bainaa. haayaa bodohod heterhii gunigtai, haayaadaa buur ene ulsuudiig haraad hoh ineed ch hureh shig. ooriin chin helseneer galzuugiin emnelegt hevteh shaardlagaa bieluulj baina daa gej.


nmn

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Гранола-н блогоор дамжин орж ирлээ.

Би лав амьд жишээ үзэж байсан юм байна. Нагац ахын маань хөршийн жаахан пацаанууд нь өдөр бүр шанага усаар тарьсан төмсөө усалдаг гээд хүний толгой шиг том төмс хураагаад байдаг байж билээ.

Анодод ажилладаг юм уу? Танай цахим төгрөг картын систем-г танайхан өөрсдөө хариуцдаг уу? Гадны аль байгууллагаас support авч байна?

NMN бичиж байгаа шиг Монголд ч галзуурахад ганц хуруу байх өдөр элбэг байна доо. Жаахан л тэсвэр, тэвчээр алдвал гэцүү юм болох байхаа :D Зяак, темплэйтээ янзлангуутаа линкэлнээ

Gantulga U said...

Тийм ээ, би Анод-д ажилладаг. Тэр тусмаа Картын төвд шүү. Манай Цахим Төгрөг картыг бид өөрснөө бүрэн хариуцдаг юм. Одоо олон улсын Виза карт тун удахгүй оруулж ирэх гэж байна. Одоо ганц хоёр сарын л ажил үлдэж байна.

Галзуурахад ч тун ойрхон л болоод байх шиг байна. Юу болоод байгааг ч ойлгохгүй.

Линк дээрээ холбох гэж байгаад баярлалаа. Холбоотой байна аа.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Visa нь EMV карт уу, эсвэл дан Magnetic юмуу? Visa гэхээр, ХХБ-ы дэд гишүүн болох уу?

Цахим төгрөгийн программ etc зүйлсийг хэдэн хүн хариуцдаг вэ? Дээхнэ товчхон судлаж байсан юм, Смарт карт гэдэг утгаар нь.

Gantulga U said...

Magnetic. Манайх Үндсэн гишүүн. Зөвхөн тэдний сүлжээг ашиглаж байгаа гэж ойлгож болно. Дэд гишүүн биш. Бусад нь бол үүн дээр ярьж болохгүй зүйл байх

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

roger that